Ирэх сарын 15 хүртэл гэр хорооллын айл өрхүүдийн хог ачихгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-07-27 13:56:21

Увс /МОНЦАМЭ/. “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-аас ирэх сарын 15 хүртэл аймгийн төвийн гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлыг ачихгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь тус байгууллагын хог ачдаг ажилчид энэ сарын 16 хүртэл ажиллаад ээлжийн амралтаа авсан тул хүн хүч хүрэлцэхгүй болжээ.

Иймд “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-аас аймгийн төвийн гэр хороололд оршин суудаг ард иргэд, айл өрхүүдэд хандаж хог хаягдлаа уут саванд хийж, эмх цэгцтэй байлган дараагийн сарын хог ачдаг хуваарьт өдөр хашааныхаа гадна гаргаж тавихыг санууллаа.

“Энэ зун бороо хур элбэгтэй байгаа тул авто зам дээр шороо тоос их гарч байна. Иймээс манай байгууллагын 20 ажилчин Улаангом сумын авто замын шороог шүүрдэж, цэвэрлэх ажлыг өнгөрсөн долоо хоногт хийж дуусгалаа. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлыг энэ сарын 16 хүртэл ачиж зайлуулаад ажилчдын ихэнх нь амарсан. Одоо зөвхөн орон сууцны айл өрхүүдийн хог хаягдлыг өдөр бүр ачиж байна. Улаангом хотоо цэвэр цэмцгэр байлгахын тулд иргэн бүр ухамсартай байж Улаан уул, Гашууны гол зэрэг газарт аялж зугаалан, амарч салхилахдаа хог хаяхгүй баймаар байна” хэмээн “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-ын мэргэжилтэн Ө.Бэгзсүрэн хэллээ.

Холбоотой мэдээ