“TikTok” хавсралтыг хориглохыг Засгийн газартаа уриалж магадгүй байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-29 10:07:04

ТОКИО. /NHK/. Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын гишүүд “TikTok” тэргүүтэй Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудад нэвтрэх эрхийг хязгаарлах зорилгоор хууль хэрэгжүүлэх журмыг дагаж мөрдөхийг Засгийн газартаа уриалах бодолтой байна. Эдгээр хавсралт нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг Хятадын эрх баригчдад дамжуулж байж болзошгүй юм хэмээн болгоомжилж байгаа аж.


Өнгөрсөн сарын 29-нд Энэтхэгийн эрх баригчид Хятадад зохион бүтээгдсэн нийт 59 хавсралтыг ашиглахыг хориглох шийдвэр гаргажээ. Эдгээр хавсралтуудын дунд “TikTok” хавсралт багтаж байсан аж. Төрийн байгууллагуудад зориулагдсан Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудыг хориглох тухай нэмэлт өөрчлөлт оруулахыг АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим долдугаар сарын 21-нд сайшаан дэмжжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам үүнтэй холбогдуулан мэдэгдэхдээ, “TikTok” хавсралтын хор хөнөөлийн тухай мэдэгдлүүдийг няцааж, ингэх нь ямар ч үндэслэлгүй гэжээ.


“TikTok” нь богино хэмжээний дүрс бичлэгээ нийтлэн байршуулах боломжийг хэрэглэгчдэд олгодог юм. Энэхүү хавсралтыг Хятадын “Byte Dance” компани зохион бүтээсэн бөгөөд Хятад улсад 2016 онд “Douyin” нэрээр гарч байжээ. 

Холбоотой мэдээ