Николас Мадуро үйлдвэрүүдийг хаана гэж сүрдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-15 14:07:55

КАРАКАС. /ВВС/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро үйл ажиллагаа нь зогссон үйлдвэрүүдийг хураан авч, эздийг нь шоронд хорино гэж сүрдүүлжээ.

Тэрбээр Венесуэлийн нийслэл Каразас хотод цугласан дэмжигчиддээ хандан үг хэлэхдээ, үйлдвэрүүдийг сэргээж, эдийн засгийн гүн хямралтай тэмцэх ёстой гэж мэдэгджээ.

Өчигдөр тэрбээр орон даяараа онц байдал зарласан билээ.

Харин тус улсын сөрөг хүчнийг дэмжигчид Каракас хотод жагсаал зохион байгуулж, түүнийг огцруулах санал хураалт явуулахыг дахин уриалсан байна.

Венесуэлд хямрал үүсгээд байгаа гадаадын түрэмгийлэлтэй тэмцэх зорилгоор онц байдал зарлах шийдвэр гаргасан гэж Мадуро мэдэгджээ. Мөн тэрбээр, ирэх амралтын өдрүүдээр цэргийн сургуулилт хийж, “гадны орнуудын заналхийлэлтэй” тэмцэнэ гэж мэдэгдсэн байна.

Венесуэл нь дэлхийн хамгийн их нефтийн нөөцтэй орон боловч дэлхийн зах зээлд нефтийн ханш унасан нь тус улсын эдийн засагт хүнд цохилт болсон юм. Өнгөрсөн жил гэхэд тус улсын эдийн засгийн өсөлт 5.7 хувиар буурч, инфляцийн түвшин 180 хувиар нэмэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ