"Арван хоёр жил"-ийн цувралаар "Хулгана жил"-ийн зоос гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-29 18:54:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орон бүр түүхэн онцлог үйл явдалд зориулж зоос гаргадаг. Манай улс энэ жишгээр түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулан, өвөрмөц загвартай, цөөн тоотой үнэт зоосыг гаргадаг. Тухайлбал, 12 жил, ховордож буй амьтад, монгол орны байгаль гэсэн цувралаар дурсгалын зоос байдаг.

Энэ хүрээнд Монголбанкнаас “Арван хоёр жил” цувралаар "Хулгана жил" зоосыг худалдаанд гаргалаа. Тус мөнгөн зоос нь 31.1 грамм жин, 38.61 мм диаметртэй бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээж, Монгол ардын магтаалыг тусган эрдэнийн зүйлийг Swarovski шигтгээгээр төлөөлүүлж хийжээ.

Монголбанкны мэдээллээр, дурсгалын зоосны хамгийн бага үнэ нь 120-150 мянган төгрөг, хамгийн их нь 7 сая 700 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж.

Ташрамд дурдахад, дурсгалын нэг алтан гулдмай хэлбэртэй зоос нь 100 грамм, нэг алтан зоос нь 0,5-31,1 грамм, алтаар бүрсэн мөнгөн зоос нь 93,3 грамм, мөнгөн зоос нь 15,5-155,5 грамм, мөнгөөр бүрсэн зэс зоос нь 50 граммын жинтэй байдаг. Худалдаж буй үнэ нь тухайн металлаас шалтгаалан 250 мянган төгрөгөөс дээш, доош хэлбэлздэг байна.

Дурсгалын зоос авах сонирхолтой иргэд Монгол банкны Эрдэнэсийн сангаас биеэр болон цахимаар авах боломжтой.

Холбоотой мэдээ