Чехээс ирээд хил дээр саатсан охиныг улаан бүст тусгаарлаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-30 12:09:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Чех улсад сурдаг монгол оюутан ОХУ-аар дамжин ирж, Монгол Улсынхаа хил дээр ирээд байгаа ч хилээр нэвтрүүлэхгүй байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар тараад байгаа. Энэхүү мэдээллийн талаар тодруулга авахаар Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга А.Ариунболдтой утсаар холбогдлоо.

-Сайн байна уу, таниас нэг тодруулга авьяа?

-Сайн, сайн байна уу?

-Чех улсад сурдаг монгол оюутан эмэгтэй, машинаар дамжин 20 гаруй хоног явсаар ОХУ-ын Хиагтын хил дээр ирэхэд Оросын талаас нэвтрүүлсэн боловч Монгол Улсынхаа Алтанбулаг боомт дээр ирээд нэвтэрч чадахгүй байна гэсэн мэдээлэл тархаад байгаа. Энэ асуудал юунаас болоод ингэж гацах болов. Ямар шалтгаан байгаа тал дээр хариулт өгөхгүй юу?

-Энэ охиныг улаан бүст тусгаарласан байгаа. Бид хилээр нэвтрэх зөвшөөрөлтэй хүнийг нэвтрүүлдэг журамтай. Улсын Онцгой комисст энэ талаар санал хүргүүлсэн байгаа. Хэрвээ УОК-оос нэвтрүүлж болно гэсэн зөвшөөрөл ирвэл бид хилээр нэвтрүүлж болно. Одоогоор хариу ирээгүй хүлээж байна. Хариу ирээд хилээр нэвтрүүлсэн тохиолдолд вирусийн шинжилгээ авна. Шинжилгээний дараа хаана хэрхэн тусгаарлах асуудал яригдана хэмээн хэллээ.

Короновирусийн улмаас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа энэ үед хилийн бүс дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид бүгд Улсын Онцгой комиссын өгсөн үүрэг чиглэл, гаргасан дүрэм журмын хүрээнд ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ