Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсон нь. Үйл явдлын товчоон /1990-1991/

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-08-03 11:20:44

Одоогоос яг 30 жилийн буюу 1990 оны 8 дугаар сарын 2-нд Иракийн арми Кувейт рүү гэнэт халдан довтолж, Кувейтийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг эзлэн авсан билээ. Дэлхийн бараг бүх улс орон Багдадын түрэмгийллийг эрс буруушааж, НҮБ олон удаа тогтоол гаргаж, цэргээ нэн даруй Кувейтээс татан гаргахыг Иракаас шаардав.  Улмаар АНУ-ын тэргүүлсэн олон улсын эвслийн цэргийн хүчин “Цөлийн шуурга” байлдааны ажиллагаа явуулж, Иракийн цэргийг Кувейтээс хөөн гаргасан билээ. Персийн булангийн I дайн гэгддэг уг зэвсэгт мөргөлдөөний уг шалтгаан, түүний өрнөлийн тухайд он цагийн дарааллаар Оросын ria.ru цахим хуудсанд товчхон өгүүлснийг толилуулъя.

  

"Цөлийн шуурга" ажиллагаанд оролцсон болон дэмжлэг үзүүлсэн улс орнууд 



1990 оны зун нефтийн үнийн асуудлаарх маргааны улмаас Ирак-Кувейтийн харилцаа эрс хурцадлаа.


5 дугаар сарын 30 буюу Арабын улсуудын төрийн тэргүүн нарын Дээд хэмжээний уулзалтын сүүлчийн өдөр Иракийн удирдагч Саддам Хуссейн мэдэгдэл хийхдээ, ОПЕК-ийн тогтоосон квотоос давсан хэмжээний нефтийг олборлож байгаагийн улмаас газрын тосны үнэ 7 доллар болтлоо унасан хэмээн Персийн булангийн зарим улсыг буруутгав. Тухайн үед талууд нэг баррель нефтийн үнийг 18 доллароос бууруулахгүй гэж тохиролцоод байжээ. С.Хуссейний хэлснээр, нэг баррель нефтийн үнэ ердөө 1 доллароор буурахад Ирак улс жил бүр 1 тэрбум долларын алдагдал хүлээж байв. Иракийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзвээс, энэ нь бараг дайн зарласнаас өөрцгүй хэрэг мөн гэдгийг Иракийн удирдагч дурджээ.   


Дээрх уулзалтын үеэр С.Хуссейн Иракийн эсрэг дайсагнасан бодлого явуулж буй Арабын улс орнуудыг шууд нэрлэн дурдаагүй байна. Гэхдээ дарамт шахалтыг яагаад ч тэсвэрлэхийн аргагүй болсныг тэрбээр сануулаад “гэхдээ нефтийн үнийг 25 долларт хүргэхийн тулд талууд хүлээн зөвшөөрч болохоор гарц бий” гэдгийг хэлжээ.


7 дугаар сарын 15-нд Иракийн Гадаад хэргийн сайд Тарик Азиз Арабын орнуудын Лигийн Ерөнхий нарийн бичгийн даргад 37 хуудас бүхий меморандум илгээж, түүндээ хэт их хэмжээгээр нефть олборлож буй Кувейт болон Арабын Нэгдсэн Эмират улсыг цохон нэрлэж буруутгасан байна. Мөн уг баримт бичигт Иракийн зүгээс Кувейтийн талд тавьж буй шаардлагуудыг дурджээ. Тухайлбал, Кувейтэд төлөх ёстой Иракийн өрийн тухайд Т.Азиз хэлэхдээ “өр гэдэг нь Ирантай хийсэн дайны жилүүдэд Кувейтээс Иракт өгсөн тусламж учраас өр гэж үзэх боломжгүй бөгөөд түүнийг хүчингүй болгох ёстой” гэсэн байна.


Түүнээс гадна, 1980-1990 оны хугацаанд Иракийн Румайла гэдэг орд газраас 2,4 тэрбум долларын нефть олборлосон гэж Кувейтийг буруутгажээ. Энэ нь Иракийн эдийн засгийг сүйрүүлэхэд чиглэсэн “дайны ажиллагаа”-тай адилтгаж болохоор үйлдэл мөн гэж Т.Азиз дүгнэсэн байна.


7 дугаар сарын 17-нд С.Хуссейн үг хэлэхдээ “нефтийн үнийг хянаж байхын тулд Персийн булангийн Арабын орнууд Иракийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан” гэж мэдэгдлээ. Маргааш өдөр нь тэрбээр Ирак-Кувейтийн хил орчим дахь маргаантай байгаа Румайла районд Кувейтийн тал хууль бусаар нефть олборлож байна гэж буруутгаад, тэнд Иракийн цэргийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг байгуулах шийдвэр гаргажээ. Үүний хариуд Кувейтийн эрх баригчид “манай улсын хил орчмын бүс нутгийг эзлэн авч, тэндхийн газрын тосны нэгэн талбайг хууль бусаар ашиглаж буй Ирак”-ийг буруутгав.


7 дугаар сарын 24-нд Египет улсын Ерөнхийлөгч Хосни Мубарак зуучлагчийн хувиар Кувейт, Ирак, Саудын Арабт айлчилсныхаа дараа 25-ны өдөр мэдэгдэл хийж, Ирак, Кувейт хоёр хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байна гэдгийг зарлав. Хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн хэдий ч Иракийн тал хүч хэрэглэхээс огт татгалзахгүй байлаа. 7 дугаар сарын 24-нд Кувейттэй хил залгаа мужид Иракийн цэргийн 30 мянган албан хаагч, 200 танк хүрэлцэн ирж байрлажээ. Долоо хоногийн дараа гэхэд Иракийн цэргийн тоо 100 мянгад хүрсэн байв.


8 дугаар сарын 1 - Саудын Арабын Жидда хотноо Ирак-Кувейтийн хэлэлцээ эхэлсэн боловч хоёрхон цагийн дараа тасалдан зогсов. Хэлэлцээний явцад Багдадын эрх баригчид биелүүлэх ямар ч боломжгүй шаардлагуудыг Кувейтийн талд тавьсан байна. Кувейтчүүд нөхөн төлбөр олгох, газар нутгийн маргаантай асуудлаар буулт хийхийг эрс эсэргүүцэв.


8 дугаар сарын 2-ны өдөр орон нутгийн цагаар 2.00 цагт Иракийн цэргүүд Кувейт рүү довтоллоо. Барууныхны хийсэн тооцоогоор, дайралтад Иракийн 120 мянган цэрэг, 350 танк оролцжээ. Мөн өдрийн орой гэхэд Иракийн цэргүүдд Кувейтийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь эзлэн авсан байна. Кувейтийн 950 нефтийн цооногийн 600 орчмыг нь иракчууд шатаажээ. Нефть дамжуулах хоолой, шахуургын станцууд, нефть боловсруулах цогцолборууд эвдрэн сүйдлээ. Кувейтийн засгийн эрхийг Багдадын талыг баримтлагч, хурандаа Ала Хуссейн Али-гийн тэргүүлсэн “Кувейтийн Чөлөөт түр засгийн газар” авлаа. 

Иракийн танкууд Эль-Кувейт хотын гудамжинд 


Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер БНМАУ-д айлчлахаар ирээд байлаа. Ирак улс хөрш Кувейтэд цэргийн хүчээр гэнэт халдан довтолж, олон улсын байдал хурцадсан тул ноён Бейкер айлчлалаа товчилж, нутаг буцах болов. Айлчлалын үр дүнгийн талаар Ж.Бейкер, тэр үеийн БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн нар хэвлэлийн бага хурал хийж, хоёр тал Кувейтийн эсрэг Иракийн түрэмгийллийг эрс буруушааж, Кувейтээс нэн даруй цэргээ татан гаргахыг Иракаас хатуу шаардлаа.  

 

8 дугаар сарын 8 - "Кувейтийн Чөлөөт түр засгийн газар"-аас С.Хуссейнд хандан гаргасан хүсэлтдээ “Кувейтчүүд бид өөрийн эх орон болох агуу их Иракийн тэвэрт эргэн ирэх ёстой” гэж дурдсан ба уг хүсэлтийг ёсоор болгожээ. Кувейт нь Иракийн 19 дэх муж болж, тус улсын бүрэлдэхүүнд орсныг зарлав.


Кувейтийн эсрэг Иракийн түрэмгийллийг дэлхий нийтээрээ зэмлэн буруушаасаар. 8 дугаар сарын 2-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 660 тоот тогтоол гаргаж, Кувейтэд халдан довтолсон Иракийг буруушаагаад “ямар ч урьдчилсан нөхцөл болзол тавилгүйгээр Кувейт улсаас цэргээ нэн даруй гаргахыг” С.Хуссейнээс шаардлаа. Үүний сацуу “үүссэн зөрчил маргаанаа нэн даруй хэлэлцээний замаар шийдвэрлэх”-ийг талуудад уриалжээ.


8 дугаар сарын 3-ны өдөр ЗХУ болон ихэнх улс орнууд Иракийн армийн ажиллагааг зэмлэн буруушаалаа. Зөвлөлтийн засгийн газар Иракт зэвсэг техник нийлүүлэхээ зогсооно гэдгээ зарлан мэдэгдэв. Үүний сацуу Арабын хоёр улсын хоорондох зөрчлийг гуравдагч улсуудын хөндлөнгийн оролцоогүйгээр энхийн арга замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриа ЗХУ илэрхийлжээ.


8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд ЗХУ, АНУ, Ирак болон Арабын ба баруун Европын улсуудын хооронд хэд хэдэн удаа зөвлөлдөөн болж, янз бүрийн түвшинд хэлэлцээ хийж, санал бодлоо солилцон улам даамжирсаар буй Персийн булангийн хямралаас улс төрийн арга замаар гарах гарцыг хайж байлаа.


Ойрхи Дорнодын хямралыг зохицуулахын тулд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй НҮБ болон зарим улс орон ихээхэн хүчин чармайлт гаргасан хэдий ч хямрал улам даамжирсаар нөхцөл байдал мухардалд оров. Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсноос хойших 4 сар орчмын хугацаанд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нийтдээ 11 удаа тогтоол гаргасан боловч С.Хуссейн дэлхийн хамтын нөхөрлөлийн санаа бодлыг урьдын адил огт хайхрахгүй байлаа. Иракийн тал Кувейтийн нутгаас сайн дураараа гарахгүй гэдэг нь тодорхой болсны дараа Аюулгүй Зөвлөл 678 тоот тогтоол гаргажээ. Тогтоолд “хэрвээ Ирак улс 1991 оны 1 дүгээр сарын 15-наас өмнө НҮБ-аас гаргасан өмнөх тогтоолуудыг биелүүлэхгүй бол Аюулгүйн Зөвлөлийн зүгээс 660 тоот тогтоолыг биелүүлэхийн тулд боломжтой бүхий л арга хэрэгслийг ашиглах болно” гэж мэдэгдлээ.  


12 дугаар сарын хоёрдугаар хагас гэхэд хямралыг энхийн арга замаар зохицуулах ямар ч боломжгүй гэдэг нь тодорхой болов. Багдадад үг хэлж, сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ С.Хуссейн “Кувейтийн талаарх Иракийн бодлого өөрчлөгдөхгүй” гэдгийг дахин давтан хэлсээр байлаа.  


1991 оны 1 дүгээр сарын 15-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш захирамж гаргаж, 17-ны өдөр Иракт цохилт өгөхийг зөвшөөрчээ.

1991 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр Гринвичийн цагаар шөнө дундын үед АНУ-ын тэргүүлсэн холбоотны цэргийн хүчин НҮБ-аас өгсөн зөвшөөрлийн дагуу Иракийн цэргийг Кувейтийн нутаг дэвсгэрээс шахан гаргах зорилгоор “Цөлийн шуурга” цэргийн ажиллагааг явуулж эхлэв. Холбоотны цэрэг ялалт байгуулахад нисэх хүчин онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. 2 дугаар сарын 27 гэхэд олон үндэстний цэргийн хүчин Кувейтийг бүрэн чөлөөлж, Иракийн өмнөд нутаг дахь Басрагийн районд нэвтрэв. 28-ны өдөр байлдааны ажиллагаа зогсож, 3 дугаар сарын 6-нд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ингэснээр Кувейт улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал дахин сэргэв.


Б.Адъяахүү

Эх сурвалж: https://ria.ru/20200802/1575213938.html

Холбоотой мэдээ