Венесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-03 12:26:38

МЕХИКО. /TASS/. Венесуэлийн сөрөг хүчин энэ оны 12 дугаар сарын эхээр болох парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ. Энэ тухай Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэгч улс төрийн хүчин ням гарагт хийсэн хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.


"Ард түмний итгэл сэтгэлийг хүндэтгэсэн өрсөлдөөнт сонгууль явуулахын тулд дотооддоо төдийгүй хилийн чанадад бүхий л хүчээ шавхсан бид Н.Мадурогийн дэглэмийн зохион байгуулсан сонгуулийн луйварт оролцохгүй байх шийдвэрийг санал нэгтэйгээр гаргаж буйгаа ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэгт мэдэгдэж байна” хэмээн баримт бичигт дурджээ. Өргөдөлд 27 нам гарын үсэг зурсан байна. 


2015 оны 12 дугаар сард болсон Үндэсний ассамблейн сонгуульд Венесуэлийн сөрөг хүчин ялалт байгуулсан хэдий ч хожим нь шийдвэр гаргах үйл явцаас хасагдсан юм. Түүний үүргийг Мадурогийн санаачилгаар 2017 онд байгуулсан Үндсэн хуулийн ассамблей өөртөө хүлээжээ.


Венесуэлийн Үндэсний сонгуулийн зөвлөлийн шийдвэрээр, парламентын сонгууль тус улсад 12 дугаар сарын 6-нд болох бөгөөд нэр дэвшигчдийг 8 дугаар сарын 10-наас 19-ний хооронд бүртгэх аж. 

Холбоотой мэдээ