Ч.Үржих: Тарваганы мах эрүүл мэндэд тустай гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий
/МОНЦАМЭ/. Тарваган тахал өвчний хор хөнөөл, шинж тэмдэг, халдварлах
хэлбэр, урьдчилан сэргийлэх арга замын талаар Баян-Өлгий
аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Ч.Үржихтэй ярилцлаа.
-Баян-Өлгий аймагт
тарваган тахлын голомтын идэвхжил ямар түвшинд байгаа вэ?
-Тарваган тахал өвчний
байгалийн голомтыг долдугаар сарын дунд үеэс есдүгээр сарын
20-ны хооронд идэвхэждэг гэж үздэг. Байгалийн голомтын хяналтын
судалгааг манай байгууллага жил бүр хийж байгаа. Энэ жилд хоёр удаа
хийхээр төлөвлөсөн. Эхний шинжилгээгээ Дэлүүн, Булган сумуудад хийсэн. Голомтын
идэвхжлийг тогтоох судалгаанд нийтдээ 63 мянган га талбайг хамруулсан.
Судалгаагаар тухайн голомтод тарваган тахлын нян илрээгүй ч гадаад шинж
төрхөөрөө тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байна гэсэн дүн гарсан байгаа.
2017 оноос эхлэн ОХУ-ын холбогдох мэргэжлийн
байгууллага, ЗӨСҮТ-тэй хамтран судалгаа хийж ирсэн. Энэ жил хил
хаагдсан учраас ЗӨСҮТ-тэй хамтраад долдугаар сарын
16-наас наймдугаар сарын 2-ны хүртэл Улаанхус, Ногооннуур, Бугат,
Цэнгэл сумуудын нутгийг хамруулж судалгаа хийсэн байгаа. Энэ шинжилгээгээр
Улаанхус сумын Шар булаг, Шар ямаат, Монгол гол, Ногооннуур сумын Холбоо
нуур зэрэг газруудад тарваган тахлын байгалийн голомт идэвхжилтэй байгаа нь
урьдчилсан байдлаар тогтоогдсон. Судалгааны эцсийн дүн ЗӨСҮТ-д явуулсан
сорьцод молекул-биологийн шинжилгээ хийсний дараа гарна.
-Нэр
дурдаагүй бусад сумуудад ч тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгаа гэж
ойлгож болох уу?
-Тэгж
ойлгож болно. Бид хөрөнгө мөнгөний асуудлаас болж голомтын хяналтын шинжилгээг
бүх сумуудад хийх боломжгүй байгаа.
-Манай
аймаг дахь тарваган тахлын голомтын идэвхжилт бусад аймгуудтай харьцуулахад
ямар түвшинд байдаг вэ?
-Энэ
онд бусад аймгуудад тарваган тахлын найман сэжигтэй тохиолдол гараад, гурав нь
батлагдсан. Ховд аймагт хоёр тохиолдол батлагдаж, эмчлэгдээд гарлаа. Говь-Алтай
аймагт нэг хүн нас барсан байгаа. Сүүлийн гурван жилд илэрч байгаа тарваган тахлын
үүсгэгчийн 90 гаруй хувь нь манай аймгаас гарсан байдаг. Тус аймгийн
тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхжилтэй, хүн өвчлөх өндөр
магадлалтай байгаа.
-Манай
аймгийн зарим иргэд Алтайн хар тарвага тарваган тахал өвчин халдаахгүй гэсэн
ойлголттой байна. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?
-Алтайн
хар тарвага өвчин халдаахгүй гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл. Хүн амын тодорхой
хувь нь ямар нэгэн өвчнөөр өвчилдөгтэй адилхан тарваганы тодорхой хувь нь
өвчилж байгаа.
-Тарваган
тахал нь хэр зэрэг хор хөнөөлтэй өвчин вэ?
-Хүмүүс
тарваган тахлыг гоц халдварт өвчин гэдгээр нь сайн мэднэ. Дэлхий дахинд болсон
3 том цар тахлын нэг. Европт л гэхэд 25 сая хүн тарваган тахлаар өвчилж нас
барсан түүх байдаг. Тарваган тахлын хамгийн гол аюул нь богино хугацаанд олон
хүнд халдварладаг. Эрт эмнэлэгт хандаагүй тохиолдолд үхлээр төгсдөг. Өөрөөр
хэлбэл нас баралтын хувь 30-50 хувь. Арван хүн өвчиллөө гэхэд 3-5 нь
нас барах эрсдэлтэй. Гэрээр эмчлэгдэх өвчин биш, заавал эмнэлгийн тусламжийг
авч байж, эмч нар эмчилгээний тактикаа зөв хэрэглэж байж өвчнөөс аврагдах
боломжтой.
-Тухайн өвчний шинж тэмдэг
нь ямар байдаг вэ?
-Халдвар
дамжих замаасаа шалтгаалаад янз бүр байдаг. Тарваган тахал нь шууд хавьтлын,
агаар дуслын, ходоод гэдэсний, дам халдварын гэсэн дөрвөн замаар хүнд
халддаг. Шууд хавьтал гэдэг нь тарвага, мэрэгч амьтантай хүрэлцсэн
тохиолдолд арьс салстад ямар нэгэн шарх, шалбархай байх юм бол халддаг. Шарх,
шалбархайгаар халдвар авсан тохиолдолд тухайн хэсгээр
дамжин тунгалгийн булчирхай томорно. Уушгины хэлбэр байх юм бол
мэдээж ханиалгана. Эхний үед хөөсөрхөг шингэн цэр гарч байснаа
сүүлдээ цустай цэр гардаг. Цээжээр маш их өвддөг. Харин ходоод
гэдэсний хэлбэрийн үед бөөлжих, суулгах, гэдэс, ходоодоор хүчтэй өвдөх шинж
тэмдэг илэрнэ. Үжил хэлбэрийн үед өндөр халуурна. Жишээ нь хүн хөдөө
хээр явж байгаад тарвага, зурамны нүх, дошин дээр сууж байгаад санамсаргүй
тохиолдлоор бүүргэнд хазуулах, аль эсвэл агнасан тарвага, зурамтайгаа
ноцолдож байгаад бүүргэнд нь хазуулсан тохиолдолд халдвар шууд цусанд
орно. Хэрвээ хүн энэ хэлбэрээр өвчилсөн тохиолдолд хэдэн цагийн дотор ч нас
барах аюултай. Ер нь бүх хэлбэрт өндөр халуурдаг.
-Агаар
дуслын замын халдварын талаар дэлгэрүүлж хэлж өгөхгүй юу?
-Уушгины хэлбэрээр
өвчилсөн хүн ханиалгах үед шүлс үсэрч 2-8 метр зайд нян
цацагдана. Цацагдсан нянгаар дамжин бусад хүмүүст халдана гэсэн үг.
-Өвчилсөн
тарвагатай газраар явж байгаа хүнд агаар дуслын замаар нян халдах уу?
-Яг
тийм тохиолдол одоогоор бүртгэгдээгүй.
-Тарваган
тахлын халдварын нууц үе хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Нууц
үеийн хугацаа нь хэдэн цагаас зургаан хоног. Дунджаар хоёроос гурван хоногийн
дотор эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэг. Үжил хэлбэрийн үед 24
цагийн дотор хүн нас барах тохиолдол байдаг.
-Манай
аймагт бүртгэгдсэн тохиолдлуудаас харахад, голдуу ямар насны хүмүүс өвчилж
байгаа вэ?
-Баян-Өлгий
аймагт 1989 оноос хойш тарваган тахлын нийтдээ 11 тохиолдол гарсан. Бүртгэгдсэн
тохиолдлуудад дүгнэлт хийхэд ихэнхдээ 12-16 насны хүүхдүүд өвчилсөн байдаг.
Өсвөр насны хүүхдүүд сониуч байдлаар, эсвэл эцэг эх нь “чи энэ
тарвагыг өвчилчих” гэх зэргээр ханддаг байж болзошгүй. Улсын хэмжээнд ч ийм
асуудал байгаа. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ байнга хэлж, сургуулийн
хичээл дээр ч тарваган тахлын талаар мэдээлэл өгөх нь зөв гэж бодож
байна.
-Тарваган тахлын эсрэг
вакциныг хүссэн хүн болгон тариулах боломжтой байдаг уу?
-Вакцин тариулсан
тохиолдолд нэг жилийн хугацаанд дархлаа тогтоно. Жилийн дараа дахиад дархлаажуулалтад
хамрагдах шаардлагатай. Зургаан сараас дээш настай бүх насны хүн харьяа эрүүл
мэндийн байгууллагад хандаж сайн дураараа вакцин тариулах боломжтой. Ямар нэгэн
төлбөр байхгүй. Манай аймгийн хувьд энэ жил 11800 тун вакцин захиалж авсан.
Одоогийн байдлаар дархлаажуулалт 70 хувьтай явж байна. Эрүүл мэндийн газрын
Дархлаажуулалтын кабинетад болон зарим сумдад үлдэгдэл вакцин
хадгалагдаж байгаа.
-Тухайн
вакцин нь халдварт өвчнөөс бүрэн хамгаалж чадах уу?
-Ямар
ч байсан тодорхой хэмжээгээр хамгаална. Гэхдээ өвчилсөн тарваганы мах, эд
эрхтнийг түүхийгээр нь залгиад байвал хамгаалж чадахгүй шүү
дээ.
-Та
дээр бүх сумдаар явж голомтын идэвхжилтийг тогтоох судалгаа хийхэд хөрөнгө
мөнгө хүрэлцдэггүй гэж хэллээ. Хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай байна
вэ?
-Одоогоор
бид зургаан сумд буюу аймгийн нийт
нутаг дэвсгэрийн 40-45 хувьд нь судалгаа шинжилгээ хийх боломжтой. Жишээлбэл,
манай байгууллагын төсөвт эм, эмнэлгийн хэрэгслийн зардалд гээд 6 сая,
шатахууны зардалд 7,3 сая, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэлд 3,4 сая төгрөг
л төгрөг суулгаж өгдөг. Ард иргэдэд мэдээлэл хүргэх, сурталчилгааны зардал
байдаггүй. Жил бүр төсвийн төсөл явуулахдаа шаардлагатай санхүүжилтийг тусгаад
явуулдаг ч хасагдаад, өмнөх жилийнхээ хэмжээнд л батална. Аймгийн бүх сумуудаар
явж, судалгаа хийхийн тулд одоо байгаа төсвөө ядаж хоёр дахин нэмэх
шаардлагатай.
-Тарвага
агнахыг хуулиар хориглосон. Мэргэжлийн байгууллагууд ч байнга анхааруулж,
сэрэмжлүүлээд байхад иргэд тарвага агнах, мах, эд эрхтнийг нь идэх асуудал
тасрахгүй байна. Өнгөрсөн жил хоёр хүн тарваганы мах идэж
нас барлаа. Үүнийг та бүхэн хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Нэгдүгээрт,
сургалт сурталчилгааны ажил хангалтгүй байж магадгүй. Нөгөөтээгүүр, ард
иргэд хууль тогтоомжоо мөрдөхгүй байгаа, хайхрамжгүй, хариуцлагагүй,
нийгмийн өмнөх үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй байгаа асуудал
байна.
-Ард
иргэдийн дунд тарваганы мах хүний эрүүл мэндэд тустай гэсэн ойлголт байгаа.
Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Тарваганы
мах эрүүл мэндэд тустай гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл.
-Баян-Өлгий
аймагт тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна?
-Өнгөрсөн
жил манай аймагт тарваган тахал гарсан. Үүнтэй холбогдуулан урьдчилсан
сэргийлэх арга хэмжээг эртхэн авч хэрэгжүүлэх зорилгоор
өнгөрсөн дөрөвдүгээр сард аймгийн Засаг даргын №04 дугаар албан
даалгавар гарсан. Мөн албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын
хэсэг байгуулсан захирамж гарсан байгаа. Захирамжаар баталсан 13 заалттай
төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ дагуу наймдугаар сарын 5-наас урьдчилан
сэргийлэх хяналт шалгалт явуулж, хөдөлгөөнт эргүүл хийж эхэлсэн. Мөн Өлгий-Ховд
чиглэлийн авто замын хяналтын постод 24 цагийн хяналт тавьж, тарваган тахал
болон ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх
санамж, зөвлөгөө өгнө.
-Ярилцлагын
төгсгөлд ард иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Тарвага болон мэрэгч амьтдын махыг хоол хүнсэнд, эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, хөдөө хээр явж байхдаа тарваганы нүх, дошин дээр суухгүй байх, хүүхдүүдээ тоглуулахгүй байх, ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах, тарвага, зурам, мэрэгч амьтад олноор үхсэн тохиолдол байвал мэргэжлийн байгууллагад хандаж мэдээлэл өгөх хэрэгтэй. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо маш чухал юм шүү.
-Танд баярлалаа.