Ч.Хүрэлбаатар: Иргэдийн амьжиргааг дэмжих зарим арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-05 13:56:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яамнаас Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудлаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийлээ. 


Ингэхдээ, коронавирусний цар тахлын үед иргэдийн амьжиргаа, эрүүл мэндийг дэмжих, ажлын байрыг хадгалахаар өмнө хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг он дуустал хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгох, нийгмийн халамжийн тэтгэмжийг 100 мянгаар нэмэгдүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардагддаг хүүхдэд 100 мянган төгрөг олгох зэрэг арга хэмжээг он дуустал хэрэгжүүлэх юм. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг 10 дугаар сарын 1 хүртэл тэглэсэн байсан. Тэгвэл үүнийг ажил олгогч 5 хувь, ажилтан 5 хувь буюу нийт 10 хувь байхаар болгожээ. 


Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас доош аж ахуйн нэгжид ногдуулдаг ААНОАТ-ын тэглэх арга хэмжээг үргэлжлүүлнэ. Үүнд түрээсийн төлбөрөө багасгасан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногддог ААНОАТ ч багтах юм. Түүнчлэн Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хилээр оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас чөлөөлж буй арга хэмжээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв. 


Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоход 322 тэрбум, НДШ-ийг 10 хувь болгосноор 144 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай болж байна. Нийт аж ахуйн нэгжийн орлогод ногдуулсан татварыг тэглэснээр 105 мянган аж ахуйн нэгжид сайнаар нөлөөлнө гэлээ.


Эрүүл мэндийн салбарт нийт 118.6 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэж байгаа юм. Үүний 71 орчим тэрбумыг нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын хамгаалах хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэлд зарцуулах бол 22.3 тэрбум төгрөгийг улирлын томуугийн болон коронавирусний вакцинд зориулахаар төлөвлөсөн. Мөн ХӨСҮТ-ийн лабораторид тоног төхөөрөмж олгоход шаардлагатай 3 тэрбум төгрөгийг нэмж суулгасан гэлээ. Үүнээс гадна халдвар тээгчидтэй шууд ажиллаж байгаа эрүүл мэнд болон бусад салбарын ажилдын илүү цагийн хөлсөд шаардлагатай зардлыг суулгаж өгсөн гэдгийг тэмдэглэв. Хил хамгаалах, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цэрэг, цагдаагийн алба хаагчдыг халдвараас хамгаалах хувцас, хэрэгслээр хангахад 6.2 тэрбум төгрөг зарцуулах юм. 


Шинэ коронавирусний цар тахалтай холбоотой дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар агших төлөв ажиглагдаж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллийнхээ үеэр дурдав. Тэрбээр, "Эдийн засаг 2020 онд агших ч 2021 онд 5-7 хувиар тэлнэ гэсэн судлаач, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Үүнтэй уялдуулан төсвийн тодотголын тооцоог гаргасан" хэмээв. 


Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хувьд, энэ жил гэрээ байгуулаагүй, тендер зарлаагүй обьектуудын зардлыг танаж санхүүжих дүнг багасгаснаар 520 тэрбум төгрөг гарган авч буйг Сангийн сайд мэдээлэлдээ дурдав.

Холбоотой мэдээ