Автозамын төслийг нэгдсэн төвөөр дамжуулан худалддаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-05-16 11:25:36

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар шинэ суурьшлын болон автозамын төсөл, газар, цахилгаан, дулааны хүчин чадлыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан худалдах ажлыг зохион байгуулах журам гаргах тухай асуудлыг хэлэлцэв. 

Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Улаанбаатар хотод шинэ суурьшлийн бүс бий болгох, хот тохижилтын болон хөрөнгө оруулалтын  төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн үйлчилгээг шуурхай ил тод болгож, хөрөнгө оруулалтын төсөл, техникийн нөхцөлийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан худалддаг байх нь зүйтэй гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм. Үүний тулд энэ ажлыг зохион байгуулах журам боловсруулан гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөрөнгө оруулалтын төсөл, техникийн нөхцөлийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан худалдах ажлыг зохион байгуулах журмын төслийг боловсруулжээ.
Энэ журмын зорилго нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хөрс ус агаарын бохирдлыг бууруулахын тулд шинэ суурьшлын бүс болгох, хүн амын болон барилга байгууламж, дэд бүтцийн төвлөрлийг сааруулах хөрөнгө оруулалтын ажлыг ил тод нээлттэй болгох зорилгоор улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгийн эх үүсвэр тусгагдаагүй, ойрын хугацаанд тусгах боломжгүй төслийг хэрэгжүүлэх шаардлагатай техникийн нөхцөлүүдийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан худалдаж, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдэж байгаа юм байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах, концессийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл хөтөлбөрүүдэд энэ журам хамаарахгүй бөгөөд зөвхөн шинэ суурьшлийн бүс байгуулах төсөл, эдийн засгийн коридор бүхий замын төсөл, цэцэрлэгт хүрээлэн, амралтын бүс байгуулах төсөл, хот тохижилтын төсөл, дуудлага худалдаагаар олгох газар эзэмших, ашиглах эрх, цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй холбох зөвшөөрөл, дулаан хангамжийн эх үүсвэртэй холбох зөвшөөрөл зэргийг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээнээс техникийн нөхцөлүүдтэй нь хамт худалддаг байхаар тусгажээ.  

Нийслэлийн удирдлагууд танилцуулгыг сонсоод, энэ журам гарснаар төр үйлчилгээгээ лангуун дээр тавьж, иргэдэд ямар нэг хүнд суртал, чирэгдэлгүй, шударга үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцолж байлаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Энэ журам гарснаар хот төлөвлөтөд маш том ахиц гарна. Бид шинэ суурьшлийн бүс байгуулах төслийг  газар эзэмших ашиглах эрхтэй нь, техникийн нөхцөлтэй нь дуудлага худалдаагаар зараад тэр орлогынхоо тодорхой хувиар нь дуудлага худалдаанд ялалт байгуулсан компаний барих барилга орон сууцны инженер, дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгдөг болох юм. Ингэхээр хот төлөвлөлтийн ажил шинэ шатанд гарна. Мөн аж ахуйн нэгжүүд хот тохижилт, шинэ суурьшлийн бүс байгуулах төслөө амжилттай хэрэгжүүлэх бүрэн боломж бүрдэнэ” гэлээ. Журмын төслийг нийслэлийн ИТХ-д өргөн барих бөгөөд НИТХ-ын тогтоол гарснаар хэрэгжих боломжтой болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ