Авын хөх ууланд хүрэл, түрүү төмрийн үед холбогдох дурсгалууд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-06 19:19:49

Ховд /МОНЦАМЭ/. Авын хөх уул нь Ховд аймгийн Булган сумын төвөөс баруун тийш найман километр зайд Булган голын баруун эрэгт оршино.

Сүүлийн жилүүдэд түүх-археологийн чиглэлийн судалгаа өргөжсөнөөр Монголд хүрэл, түрүү төмрийн үеийн бие даасан хэд хэдэн соёлын голомт байгаа нь тодорхой болсон аж. Тодруулбал, Археологийн судалгааны төвийн баг Ховд аймгийн Булган сумын нутаг дахь Авын хөх ууланд хүрэл, түрүү төмрийн үед холбогдох нэлээд олон дурсгал байгааг илрүүлсэн байдаг. Авын хөх ууланд нийт 58 ширхэг булш хиргисүүр бий. Мөн 34 ширхэг балбал чулуу, 20 орчим хадны зураг, нэг хүн чулуун хөшөө, буган хөшөө байна. Түүнчлэн 13 ширхэг зосон зурагтай булшны хашлага чулуу байдаг аж.

Дээрх дурсгалуудаас Нийтийн тооллын өмнөх 2700-2000 жилийн өмнөх хүрлийн үед холбогдох хэмцэг булш 10 ширхэг байна. Эдгээр булшинд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн археологийн тэнхимийн доктор А.А.Ковалев, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн доктор Д.Эрдэнэбаатар, Ховд их сургуулийн багш доктор phd Ч.Мөнхбаяр, ОХУ-ын Алтайн БНУ-ын Барнаулын их сургуулийн багш доктор А.А.Тишкин археологийн малтлага судалгаа хийсэн байдаг.

Улмаар 2015 онд Ховд аймгийн Музейн хээрийн судалгааны баг тус дурсгалт газрыг Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд 840100173 дугаартайгаар оруулсан аж. 
Булган суманд амьдардаг торгууд угсаатан тус уулыг "Аваан хөх уул" гэж нэрлэдэг байжээ. Энэ нь төв халхаар Авын хөх буюу ан ав хийдэг уул гэсэн утгатай гэж судлаачид үзжээ. 

Холбоотой мэдээ