Алтанбулаг суманд шинэ спортын ордон үүдээ нээлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-07 10:21:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан цоо шинэ Спортын ордны барилга ашиглалтад орлоо.

Тус спортын ордоны барилга угсралтын ажил өнгөрсөн оны тавдугаар сард эхэлсэн байна. Ингээд барилгын ажлын гүйцэтгэл хийгдсээр энэ оны зургаадугаар сард бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгчээ. Тус барилгыг газар хөдлөлийн найман баллд тэсвэртэй байхаар төлөвлөж, орчин үеийн стандартын шаардлага хангасан барилгын материалуудыг ашиглан барьжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, ариун цэврийн өрөөтэйгээрээ давуу юм. Тус сумын хувьд сургуулийн спорт заалнаас өөр стандартад нийцсэн спорт заалны барилгагүй байсан аж. Эл ордон ашиглалтанд орсноор хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нэмэгдэж буйгаараа онцлогтой. Уг барилгын захиалагч нь БСШУСЯ бөгөөд зураг төслийг “Тоонто гранд” ХХК гаргаж, “Энх бизнес өгөөмж” ХХК гүйцэтгэжээ. Мөн уг барилгыг захиалагчийн техникийн хяналтыг Барилга хөгжлийн төв” хийсэн тухай мэдээллийг сумын ЗДТГ-аас өглөө. 

Холбоотой мэдээ