“Хүнсний чанар, аюулгүй байдлын нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэх” төслийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-11 09:50:21

Төв /МОНЦАМЭ/. “Өдөр бүр шинэ мах” төслийг хэрэгжүүлэгч “Баяндэлгэр хүнс” компанийн  “Хүнсний чанар, аюулгүй байдлын нэгдсэн  менежментийн тогтолцоо нэвтрүүлэх” төслийн нээлт боллоо.

Төслийн хүрээнд “Малчид-Эрчимжүүлсэн ферм-Боловсруулах үйлдвэр-Ангилан сэврээх- И март -Эцсийн хэрэглэгч” гэсэн дамжлага бүхий цогц системийг бий болгож, үе шат бүрд хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн нь Монгол улсын хэмжээнд анхдагч болсон аж.

Антибиотик, вакцины үлдэгдэлгүй, эрүүл малын махыг стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж, өдөр бүр шинээр нь хэрэглэгчдэд хүргэх хариуцлагатай ажлаа улам сайжруулан Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” SECiM2-ийн дэмжлэгтэйгээр “Тэнүүн Сэтгэмж” компани зөвлөх үйлчилгээг үзүүлэн Хүнсний чанар, аюулгүй байдлын нэгдсэн  менежментийн тогтолцоо болох  “Хүнсний Аюулгүй байдлын Менежментийн тогтолцоо MNS/ISO 22000:2018”, Олон улсын “Чанарын менежментийн тогтолцоо MNS/ISO 9001:2015”, Лабораторийн MNS/ISO/IEC:2018 стандартуудыг нэвтрүүлэх төслийг амжилттай эхлүүлж байна.

Эдгээр стандартууд нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх ба хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон хавсран гүйцэтгэгчдийг дамжин жижиглэн худалдаалах болон хүнсний үйлчилгээ үзүүлэх зэрэг эцсийн дамжлага хүртэлх  өргөн хүрээг хамрах ба үүний үр дүнд хэрэглэгчдэд очих бүтээгдэхүүний чанар, аюулгүй, найдвартай байдал улам нэмэгдэнэ гэж албаныхан хэллээ.

Ташрамд, Баяндэлгэр хүнс компани нь нийслэлийн хүн амыг чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан, ангилан ялгасан үхэр, хонины махаар хангах зорилгоор 2016 оноос эхлэн үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд Имарт сүлжээ дэлгүүртэй хамтран “Өдөр бүр шинэ мах  төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ