АХБ-наас Монголд 278 сая долларын хөтөлбөр хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-16 16:31:03

МАНИЛА. /Newshour/. Азийн Хөгжлийн банк /АХБ/ зах зээлээс босгосон эх үүсвэр болон өөрийн хөрөнгөнөөс гаргаж буй зээл, буцалтгүй тусламж зэргээс бүрдэх 278 сая долларын тусламжийн хөтөлбөрийг энэ онд Монголд хэрэгжүүлэхээр баталлаа.

Энэ оны хувьд нэн тэргүүний зорилт бол Улаанбаатар хотын цахилгаан болон дулаан дамжуулах сүлжээнд томоохон хөрөнгө оруулалт хийх,  түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангаж, тэдний амьдралын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэх явдал юм. Үүний зэрэгцээ болзошгүй гамшгийг даван туулах чадавхийг нь сайжруулах үүднээс иргэдэд буцалтгүй тусламж үзүүлнэ.

2016 он гарснаас хойш АХБ гурван зээлийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид удирдлага, менежментийн чадавхыг бэхжүүлэх, Замын-Үүд, Алтанбулаг, Бичигт зэрэг боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, Арвайхээр, Даланзадгад, Сайншанд, Цэцэрлэг хотуудыг бохир ус цэвэрлэх байгууламжтай болгоход зориулан олгосон байна.

АХБ нь одоогийн байдлаар 23 зээл, 12 буцалтгүй тусламж, 35 техникийн тусламжийн төслүүдээс бүрдэх 953 сая долларын тусламжийг Монгол Улсад үзүүлээд байгаа бөгөөд үүн дээр нэмж дээр дурдсан 278 сая долларын тусламжийг  үзүүлэхээр боллоо. 

Улаанбаатар хотын гэр хорооллыг шинэчлэх, Монголын бусад газруудад цэвэр, бохир усны систем барих, олон улсын стандартад нийцсэн хурдны зам тавьж алслагдсан баруун бүс нутгийг хөрш орнуудтай холбох, хөдөө аж ахуйн бизнесийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөгжлийн хөтөлбөр болон эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зэрэг төслүүд АХБ-ны дэмжлэгтэйгээр одоо хэрэгжиж байна.

Өнгөрсөн онд АХБ-наас Монгол Улсад 275 сая долларын 4 зээлийг засгийн газрын нэр дээр олгосноос гадна 8 сая долларын худалдааны санхүүжилтийн зээл, хоёр төсөлд 6 сая долларын буцалтгүй тусламж, 16.5 сая долларын 16 техникийн тусламж гээд нийт 305.5 сая долларын зээл тусламж үзүүлсэн байна. Тус улс 25 жилийн өмнө АХБ-нд элссэнээс хойш нийт 2 тэрбум долларын зээл тусламж авчээ. 

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ