Ш.Эрдэнэчимэг: Амрагчид ихэссэн үед хяналт тавьдаг учир рашааны орчимд бохирдол бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-15 09:45:41

Булган /МОНЦАМЭ/. Хануй гол Хангайн нурууны Хан-Өндөр уулнаас эх авч 421 км урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Хануй голын сав газрын захиргаа ажиллаж гол усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажил хийдэг. Энэ талаар Хануй голын сав газрын захиргааны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, олон нийт, сургалт, архив бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Ш.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.


-Хануй голын сав газрын захиргаа байгаль хамгаалахаас гадна ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг вэ?

-Усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийг төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Манай сав газрын захиргаа байгуулагдаад таван жил гаруй болж байна.


-Дулааны улиралд аялал жуулчлал ихэсдэг. Ялангуяа рашаан устай газар нутагт амрагчид их ирж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх их байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бидний гол хийж байгаа ажил бол сав газрын хэмжээний усны болон усан сан бүхий газрын тоо бүртгэл, усны нөөц хамгаалах, хамгаалалтын журам дэглэмийг мөрдүүлж хяналт шалгалт хийх, эко аялал, байгальтай зүй зохистой харьцах, ашиглах хамгаалах талаар мэдээлэл өгч байна. Иргэдэд нөөцийг хамгаалах талын мэдээлэл түлхүү өгдөг. Усны нөөц хомсдож байгаа учраас эх булгийг нь хамгаалахад анхаарч байна. Үүний үр дүнд хүмүүсийн хандлага өөр болж байна.


-Хануй голын олон рашааны орчимд бохирдол байдаг. Танай байгууллага хамгаалах талаар ямар ажил хийж байна вэ?

-Хануй голын сав газарт Хануй, Цагаан гол, Мухар хужиртын гэсэн гурван том рашаан бий. Эдгээр рашааныг зүй зохистой ашиглах тал дээр орон нутгийн төрийн байгууллага тодорхой арга хэмжээ авч байгаа. Цагаан гол, Хануйн хөл дүрдэг рашааныг хамгаалалтад аваад байна. Рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авч хашаа барьсан. Цагаан голын рашааны орчмыг аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар хашсан. Хануйн рашааны орчмыг тэнд үйл ажиллагаа явуулж байгаа, иргэн, аж ахуйн нэгжийн хандиваар  хашаа барьсан байгаа. Ерөнхийдөө хашиж хамгаалах ажил хийж байна. Аймгийн хэмжээнд жил бүр 10-20 булаг, шандыг байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хашиж хамгаалах ажил хийж байна.

Рашааны орчмын орчны хог хаягдал багасгах, бохирдол үүсгэхгүй байхад  манайх төрийн бусад байгууллагатай хамтран хяналт тавьж байна. Рашааныг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг хуваарь гаргаж, хог хаягдал цэвэрлүүлдэг. Амрагчид их ирсэн ачаалалтай үед хяналт тавьдаг учир бохирдол байгаа байгаа.


-Хануй гол хоёр, гурван аймгийн нутаг дэвсгэр дамнан урсдаг. Тухайн аймагт үйл ажиллагаа хэр явуулж байна вэ?

-Хануй голын сав газарт гурван аймгийн 14 сумын нутаг хамрагддаг. Нийт 15,7 мянган хавтгай дөрвөлжин метр талбай байдаг. Архангай аймгийн ес, Булган аймгийн гурав, Хөвсгөл аймгийн хоёр сум орж байгаа. Булган аймгийн Баян-Агт суманд Хануй голын рашаан ихтэй ачаалал ихтэй байдаг бүс учраас хүч тавьж ажилладаг. Бусад аймгийн сумдад төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийх, усны тооллого явуулах, усны менежментийн төлөвлөгөө боловсруулах зэрэг асуудлаар шаардлагатай үед ажилладаг.


-Усны нөөц багасаж байгаа талаар их ярих боллоо.

-Нөөц багасаж байна. Гэхдээ хашиж хамгаалсан рашаан булгийн ундарга сайжирч байна. Хануй, Цагаан голын рашааны иргэдийн  зорьж очдог хөл дүрлэг рашааныг орон нутгийн иргэдтэй хамтран хавар лайдсан. Энэ жил рашааны ундарга сайн байгаа.

Холбоотой мэдээ