MN Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэнд “Дэлхийн гарц” төсөл оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-08-15 15:02:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Францын контемпорари уран бүтээлч Майкл Обреновичийн бүтээсэн “Монголын гарц” урлагийн төслийн урьдчилсан загварыг энэ оын 8 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 10-нд “MN Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа”-нд гаргаж үзэгчдийн хүртээл болгож байна. 

Уг үзэсгэлэнг “MN17” галерейгаас 2019 оноос эхлэн зохион байгуулж байна. Энэ нь уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг нийтэд таниулах, гадаад болон дотоодын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагч, сонирхогч нарт уран бүтээлчдийн бүтээлийг зуучлан ажиллах, урлагаар дамжуулан нийтэд урлагийн боловсролыг олгох мөн дүрслэх урлагийн бүтээлийн зах зээлийг өргөжүүлэх, уран бүтээлчид болон урлагийн байгууллага хоорондын уялдаа, холбоог сайжруулах зорилготой юм.

Францын контемпорари уран бүтээлч Майкл Обреновичийн бүтээсэн “Монголын гарц” урлагийн төслийн прототип байлаа. Тодруулбал, нэг метрийн диаграммтай цагирагийг Монголын уламжлалт хээ, угалзаар чимэглэсэн байх агаад “Монголын гарц” хэмээн нэрлэжээ. Энэ бүтээлийг Монголын Үндэсний түүхийн музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхантай хамтран, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Манибадарын бүтээл Монгол гэрийн тоононы хээнээс санаа авч бүтээсэн аж. 

Үзэсгэлэнд дэлгэсэн загвар бүтээлийг Хөвсгөл аймгийн урч М.Энхбаяр урлажээ. Харин эх хувилбар нь 4 метрийн диаметртэй цагираган хэлбэртэй байх бөгөөд Улаанбаатар хотод байршуулах юм.   

Францын уран бүтээлч Майкл Обреновичийн эхлүүлсэн “Дэлхийн гарц” төсөл нь дэлхийн хүмүүсийг соёл, тэр дундаа урлагийн бүтээлээр дамжуулан хооронд нь холбох, нэгдмэл болгох зорилготой. Тухайн улсын гарц хэмээх бүтээл нь өөр өөр соёл, шашин, ёс уламжлалтай хүмүүсийн энх тайван харилцааны бэлгэдэл болж байгаа юм. Чухамдаа улс орон бүр өөрсдийн соёлыг шингээсэн гарц хэмээх дугуй бүтээлийг урласнаар аль ч  оронтой харилцахад нээлттэй гэдгээ зарлаж, дэлхийн нэгдмэл нэг цул болж байгаа хэрэг юм.  Тиймдээ ч нэг ижил хэмжээтэй цагирагийг өөр өөрсдийн сэтгэлгээний онцлогийг илэрхийлэхүйц байдлаар урлаж буй юм. Энэ нь тухайн орны гар урчуудын авьяас чадварыг хөгжүүлэх, нээн гаргах зорилготой.

Анх 2016 онд Колумб улсыг сонгож энэ төслөө хэрэгжүүлсэн гол шалттгаан XX зууны хамгийн олон жил үргэлжилсэн улс хоорондын мөргөлдөөнийг таслан зогсоохын бэлгэдэл байлаа. Тус улсын гарц бүтээл нь олон төрлийн жижиг дугуй дүрснээс бүтсэн байгаа нь Колумб улс бусад улс оронтой нэгдэн, эв нэгдэлтэй оршин тогтнохын бэлгэдэл юм. Эв нэгдэл, итгэл найдварын бэлгэдэл, улс хоорондын нээлттэй харилцааны гүүр болсон энэ төслөө хэрэгжүүлж буй хоёр дахь орон нь Монгол Улс болж байна. Одоогоор Австрали, Канад, Хятад, Колумб, Эквадор,  Индонез, Монгол, Япон, Орос, Тайланд, Вьетнам улсын  бүтээлүүд “Gates of the world” цахим сайтад тавигджээ.  Энэ дундаас манай улсын бүтээл хамгийн их нарийн чимхлүүр хөдөлмөр, ур ухаан шаардсан олон төрлийн гоёмсог хээ угалзаараа ялгарч байна.

Т.Энхтогтох


Холбоотой мэдээ