А.Навальныйг хордуулсан гэж Германы эмнэлэг мэдэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-25 09:30:25

ЛОНДОН. /BBC/. Алексей Навальныйг хордуулсан болохыг шинжилгээний дүн нотолж байна гэж Германы “Шарите” эмнэлэг мэдэгджээ. Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный одоогоор тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм.


Түүнийг “холинестеразын дарангуйлагчид” хэмээх бодисын идэвхтэй бүлгээс гаралтай бодисоор хордуулсон болохыг шинжилгээний дүн нотолж байна хэмээн Германы эмч нарын албан ёсны мэдэгдэлд дурджээ.


“Бодисын найрлагыг хараахан бүрэн зөв тодорхойлоогүй байгаа учир илүү өргөн хүрээний шинжилгээг эхлүүлсэн. Навальныйгийн биеээс холинестеразын дарангуйлагч илэрсэн нь хувийн лабораторид нэг бус удаа нотлогдсон” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна.


Холинэстеразын дарангуйлагчид нь хүний тархин дахь мэдрэлийн эсүүд хоорондын холбоог сайжруулдаг эм юм. Зарим тохиолдолд энэ эмийг тэнэгрэл өвчний шинж тэмдэг илэрсэн хүнд эмчилгээний зорилгоор ашигладаг байна. Энэ эмийг хэрэглэх үед бөөлжих, булчин татах, толгой өвдөх, хий юм харах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй байдаг аж. 


Омскийн эмнэлэг бодис илрүүлээгүй

А.Навальныйгийн шинжилгээний дүнд дээр дурдагдсан бодис илрээгүй болохыг Омск хотын түргэн тусламжийн нэгдүгээр эмнэлгийн эмч нар даваа гаргийн орой мэдэгджээ. А.Навальный өмнө нь тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан юм.


“Алексей Навальныйгаас мансууруулах бодис, синтетик бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодисууд, тэр дундаа холинэстеразын дарангуйлагчид гэх бодисыг илрүүлэх өргөн хүрээг хамарсан шинжилгээ авах үед хариу нь сөрөг гарсан” хэмээн Омск муж, Сибирийн холбооны тойргийн хор судлаач Александр Сабаев мэдэгдсэн байна. 


Холинэстеразын эсрэг үйлчилгээтэй бодисыг мэдрэлийн импульсийг дамжуулахтай холбоотой өвчнийг эмчлэхэд ашигладаг. Гэсэн ч иймэрхүү бодисыг эрүүл хүн уувал Навальныйд тохиолдсон шиг даралт нь унана” хэмээн “Новичок” хорт бодисыг судлаачдын нэг, химич Владимир Углев мэдэгджээ.


Өвчтөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа бөгөөд ухаангүй байдалтай хэвээр байна хэмээн “Шарите” эмнэлэг мөн мэдэгдсэн байна. 


Ангела Меркелийн мэдэгдэл

Болсон хэргийн учир шалтгааныг эцсээ хүртэл бүрэн олж илрүүлж, энэ хэрэгт холбоотой байж болзошгүй этгээдийг шийтгэхийг Германы канцлер Ангела Меркель, тус улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас нар Оросын эрх баригчдад уриалжээ.


“ОХУ-ын сөрөг хүчинд А.Навальный жинтэй үүрэг гүйцэтгэснийг харгалзан үзэж энэ хэргийн шалтгааныг тун нарийн, ил тод байдлаар олж илрүүлэхийг бид эрх баригчдад уриалж байна. Энэ хэрэгт гэм буруутай этгээдүүдийг олж, хариуцлагад татах хэрэгтэй” хэмээн тэдний хамтарсан мэдэгдэлд дурджээ.


А.Навальныйд юу тохиолдсон бэ?

Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальныйгийн бие өнгөрсөн пүрэв гаргийн өглөө тавгүйрхжээ. Тухайн үед тэрбээр Томск хотоос Москва хотын чиглэлд нислэг үйлдэж байсан онгоцонд сууж явсан юм. Наймдугаар сарын 20-ны өглөө А.Навальный Томск хотын нисэх онгоцны буудалд цай ууснаас өөр юм идэж, уугаагүй гэж түүний хэвлэлийн албаны дарга Кира Ярмыш мэдэгдсэн байна. А.Навальный онгоцны ариун цэврийн өрөөнд байхдаа ухаан алдаж унасан байна. 


Онгоц Омскд ослын буулт хийж, А.Навальный тус хотын түргэн тусламжийн эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт түүнийг ухаанаа алдсан байдалтай байхад нь хиймэл амьсгалын аппарат залгасан байна. А.Навальный бямба гаргийн өглөө Берлин хотын “Шарите” эмнэлэгт хүргэгджээ. 


А.Навальныйг дэмжигчид түүнийг хордуулсан гэж үзэж байна. Харин Оросын эмч нар мэдэгдэхдээ, түүнээс хордсон шинж тэмдэг илрээгүй гэжээ. Энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. 

Холбоотой мэдээ