Шинэ ургацын ногооны үнэ хямдарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-25 11:46:23

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймаг энэ жил 3503.3 га талбайд тариалалт хийснээс үр тариа 1640.0 га-д, төмс 186.7 га-д, хүнсний ногоо 151.6 га- д, малын тэжээл 1525.0 гад тус тус тариалсан байна.

Өмнөх оны мөн үеийнхээс нийт тариалсан талбай 132.2 га буюу 3.9 хувиар өсжээ. Өнөөдрийн байдлаар нийт тариалсан хүнсний ногооныхоо 75 орчим хувийг хураан авчээ. Шинэ ургацын ногоо гарсантай холбоотой төмс хүнсний ногооны үнэ зах зээлд даруй 800-1000 төгрөгөөр буураад байгаа аж. Дашрамд тус аймаг орон нутгийн байгаль экологид тохирсон арвин ургацтай төмс, хүнсний ногоо, үр тариа, таримал тэжээлийн нутагшсан үрийн нөөцийн сантай болжээ. Аймгийн төмсний үрийг нутагшсан ургац өндөртэй сортын үрээр шинэчлэх зорилгоор эрт болцтой “Солист” сортын үрийн төмс 6.3 тонн, “Гала”, Импала сортын үрийн төмс 2.0 тонныг өрхийн тариалан эрхэлж байгаа 20 гаруй тариаланчид гэрээгээр олгож үржүүлжээ. 

Мөн “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлсэн байцаа, манжин, лууван, сонгино, өргөст хэмх, лооль зэрэг нийт 48.0 кг хүнсний ногооны үрийг сумдын газар тариалангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Мал эмнэлэг үржлийн тасагт олгожээ. Тиймээс өөрийн аймагт хамгийн их тариалдаг астила сортын төмснөөс гадна гурван төрлийн сортын төмсийг тариалж амжилттай ургац хураан авч байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Сонирхуулахад, Астила сорт нь Зүүн Германаас /хуучин/ гаралтай. 1970-д оны сүүлчээр манай оронд нутагшсан. Эрт болцтой төмс юм байна.

Одоо Төв аймгийн Борнуур, Жаргалант орчмоор нэлээд тариалж байгаа. Борнуурын шар төмс, Жаргалантын шар төмс, Монгол шар төмс хэмээн зах зээлд сайн танигдсан. Харин импала сорт нь Нидерланд улсын Agrico Research BV институтэд эрлийзжүүлгийн аргаар гаргасан ажээ. 2000 оноос хойш манай оронд ихэвчлэн Европийн орнуудаас олон шилдэг сорт оруулж туршин гений санг баяжуулж, Витара, Импала, Санте, Гала, Солист, Куарта зэрэг сортыг нутагшуулж, одоо төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангахаар болжээ. 

Холбоотой мэдээ