ТББХ: Таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-25 18:02:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, С.Бямбацогт нар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг анх удаа хэлэлцэн батлах гэж байгаа тул төслийг хэлэлцэх явцад гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусгах тал дээр анхаарч ажиллахыг Ажлын багийн гишүүдэд сануулав.


Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын багийн хамтарсан хуралдаан өчигдөр болж, 100 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулахаар ажиллаж байгааг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэллээ.  


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.


Үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.


Хуралдаан даргалагч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасан “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ гэснийг танилцуулаад дэгийн дагуу санал хураав.  


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Ж.Ганбаатар нар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд УИХ-ын гишүүн С.Амарсайхан танилцуулахаар боллоо.

Холбоотой мэдээ