“Ойрхи Дорнодын Швейцарь” дэлбэрэлтээс дэлбэрэлтийн хооронд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-08-28 10:34:06

Гурван мянган тонн селитр дэлбэрсний улмаас Бейрут хотын тал хэсэг нь эвдрэн сүйдлээ. “Ойрхи Дорнодын Швейцарь” гэгдэж байсан баян чинээлэг, хөгжин цэцэглэж байсан Ливан улс сүүлийн 15 жилийн дотор дотоодын тэмцэл самуун, авлигад идэгдэн дампуурсныг энэ дэлбэрэлт харуулав.


Хүмүүс өөрчлөлт шинэчлэл хийх, төр засгийг өөрчлөх, буруутай хүмүүсийг шийтгэхийг шаардсаар байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид “Тэд дэлбэрэлт болохыг мэдэж байсан” гэсэн бичигтэй зурагт хуудас барьсан байлаа. Тэд гэдэг нь улс орныг 10 гаруй жилийн турш захирч буй засгийн газар, “Хэзболла” бүлэглэл юм. Өнгөрсөн хугацаанд хүн амын тал хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай болж, улс орон 90 тэрбум долларын өрөнд орж дампуурав. 


Үүнтэй зэрэгцээд 7 сая хүн амтай Ливаныг хөрш Сириэс 1 сая дүрвэгч нөмрөн орж ирсний дараа  коронавирусний цар тахал дэгдэв. Эдийн засаг гүн ангал руу унаж, эсэргүүцлийн хөдөлгөөн газар авлаа. 


Энэ зун нөхцөл байдал дэлбэрэх аюултай хэмжээнд хүрч, удалгүй дэлбэрэлт боллоо. Гэхдээ Бейрутын боомтод хадгалагдаж байсан селитр дэлбэрлээ. 170 хүний аминд хүрсэн энэ гамшиг улс орныг нь “түүхийн хогийн цэг”-т аваачин хаяж магадгүй хэмээн ливанчууд түгшиж байна. Тэд “Ойрхи Дорнодын Швейцарь” доройтон буурсанд хэнийг буруутгаж байна вэ? Энэ талаар ВВС агентлагийн тоймч дүгнэн бичсэнийг орчуулан хүргэе.


Дэлбэрэлтээс дэлбэрэлт хүртэлх 15 жил 


Ливан улс бууран доройтсон нь Бейрутад болсон дэлбэрэлтүүдтэй шууд холбоотой. Тус хотод 15 жилийн өмнө болсон дэлбэрэлтийн улмаас нэрт улстөрч Рафик Харири амиа алдсан билээ.


Яг өнөөдрийн адилаар тэр үед ливанчуудын уй гашуу уур хилэнгээр солигдож байлаа. Өөрчлөлт шинэчлэлийг шаардан гудамжинд гарч жагссан тэд зорилгодоо хүрч, Ливанд 29 жилийн турш байрласан Сирийн цэрэг тус улсаас гарч явлаа. 


Үүнээс 3 жилийн дараа Ираны тал баримтлагч шиитүүдийн “Хэзболла” бүлэглэл Бейрутыг эзлэн авч, улмаар жилийн дараа буюу 2009 онд парламентад орж ирснээс хойш нөлөө нь улам бэхжсээр ирэв.


Өнгөрсөн он жилүүдэд байнга тохиож байсан эдийн засгийн хямрал, газар авсаар буй авлига хээл хахууль зэрэг нь ливанчуудад нэгэнт дасал болжээ. Харин өнгөрсөн оны 10 дугаар сард тэвчээр нь барагдсан ард иргэд өөрчлөлт шинэчлэлийг шаардан гудамжинд гарч жагслаа. 

Жагсагчдын шахалтанд орсон засгийн газрууд ээлж дараалан солигдсоор. Селитр дэлбэрснээр дахин нэг засгийн газар огцров. Гэвч хүндрэлтэй асуудлууд шийдэгдээгүй хэвээрээ.


“Ливан улс бүхнийг цоо шинээр эхлүүлэх хэрэгтэй. Шашин угсаатны харьяаллаас үл хамаарах улс төрийн, нийгмийн шинэ гэрээ байгуулах хэрэгтэй” гэж Вашингтоны хүрээлэнгийн судлаач Ханин Гаддар үзэж байна. “Засаг төр хариуцлагатай байх ёстой, гэхдээ шүүхийн шинэтгэл хийхгүй бол энэ нь боломжгүй зүйл. Гай зовлонг даван туулахын тулд үнэн мөнийг эрэлхийлэх хэрэгтэй, үүний тулд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэж судлаач онцлон дурдлаа.


Бүгдээрээ хулгайч нар


“Газар хөдлөлт эсвэл ямар нэгэн байгалийн гамшиг тохиосон үед хэнийг ч буруутгах аргагүй. Харин энэ удаагийн гай зовлон бол өөр хэрэг. Ийм гамшиг тохиосон явдалд ичгүүр сонжуургүй авлига хээл хахууль ба ард иргэдийг шулж мөнгө олж байдаг хариуцлагагүй хүмүүс буруутай. Энэ бүхнийг тэсч байх тэвчээр барагдлаа” хэмээн Бейрутын нэгэн зоогийн газрын эзэн Алин Камакиан гэдэг эмэгтэй ярьж байна. Дэлбэрэлтийн үеэр эвдрэн сүйдсэн ресторанаа сэргээн босгохоор ажиллаж буй энэ эмэгтэйн ярьсантай шинжээч Х.Гаддар санал нэг байна.


Урьдчилан сэргийлж болохоор байсан хэдий ч гамшиг тохиолоо. Тэгэхээр одоо хамгийн гол нь буруутай хүмүүсийг хариуцлагад татах нь зүйтэй. Гэвч ард иргэд эрх баригчдад итгэхгүй байна. Авлига хээл хахууль нийгмийн амьдралын бүхий л салбарт нэвчин оржээ. А.Камакиан мөнгийг нь төлсөөр байгаа хэдий ч тэрбээр өдөрт 2-3 цагийн хугацаанд л цахилгаан эрчим хүч авдаг аж. Харин эрх баригчид хоногийн 24 цагийн турш цахилгаанаар хангана гэж амласаар 30 жилийг өнгөрөөжээ.


Хямрал, вирус, дэлбэрэлт


Ливанчууд одоо төр засагт найдалгүйгээр бие биендээ тусалж байна. Тэд гудамж талбайг хамтран цэвэрлэж, харилцан туслалцах сангууд байгуулжээ. Эдийн засаг нуран унаж, төрийн сан хөмрөг хоосорсон энэ үед эрх баригчдад найдах нь бүтэшгүй хэрэг.

Ливан улс 3 дугаар сард евробондын 1,2 тэрбум долларын өрөө төлж чадаагүйн улмаас дефолт зарлажээ. Өрийн нийт хэмжээ Ливаны нэг жилийн ДНБ-ний 170 хувьтай тэнцэж байна. Тус улс ОУВС зэрэг олон улсын зээлдэгчдэд хандан санхүүгийн тусламж хүссэн боловч шинэчлэл хийгээгүй тул мөнгө өгөхөөс татгалзсанаар хэлэлцээ мухардалд оров.


Энэ үед цар тахал дэгдсэн нь хямралын гал дээр тос нэмлээ.


Ажилгүй болсон хүмүүст туслах мөнгө төр засагт алга. Хүмүүс өвчнөөс илүүтэй өлсөж үхэхээс айж байна. Дундаж давхарга гэж үгүй болж, ядуучууд нь улам л ядуурсаар. Тэдний амьдрал хилийн чанадад амьдарч буй төрөл саднаас нь илгээдэг тусламжаас улам бүр хамаарах болов. “Венесуэльд нефть байгаа, харин бидэнд гадаадад ажилладаг ахан дүүс минь бий” хэмээн Ливаны эдийн засагч Рой Бадаро ярьж байна.


2020 онд ливанчуудын 50 хувь нь ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай болно гэдгийг цар тахлаас өмнө Дэлхийн банкны таамаглаж байсан бол ОУВС-гийн хийсэн тооцооллоор, Ливаны эдийн засаг энэ онд 12 хувиар унахаар харагдаж байв. Эдгээр нь боомтод селитр хадгалагдаж байсныг ливанчууд мэдээгүй байсан үеийн таамаглал шүү дээ.


Дахиад л шүүх хурал болох уу?


Дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохын тулд олон улсын оролцоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид шаардах боллоо. Эрх баригчид үнэнийг нуун дарагдуулна гэж үзэж байгаа учраас ард иргэд тэдэнд итгэхгүй байна. 


Иймээс Ливаныг сэргээн босгоход зориулсан тусламжийн мөнгө хөрөнгийг албан тушаалтнуудад бус харин Улаан загалмай нийгэмлэг ба хүмүүнлэгийн бусад байгууллагад олгохыг жагсагчид шаардсаар байна.


Өмнө нь Ливанд дуртайяа тусалж байсан Персийн булангийн хандивлагч орнууд дэлбэрэлт болохын өмнө тусламжаа багасгасан нь төр засгийн эрх мэдлийг барьж буй “Хэзболла” бүлэглэлийнхэн тусламжийн мөнгийг завшина гэж болгоомжилсонтой холбоотой байлаа.


Гэхдээ хандивлагчид хэчнээн хянуур болгоомжтой байлаа гээд энэ нь “Хэзболла”-д төдийлөн цохилт болж чадахгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь, хямрал гүнзгийрч Ливаны байдал тогтворгүйтэх тусам тус бүлэглэлийн байр суурь улам л бэхжих магадлалтай.  


Ливаны Ерөнхийлөгч нь Хэзболлагийн холбоотон бөгөөд тус бүлэглэл далд эдийн засгийг хянаж, өөрийн гэсэн армийг байгуулж, их хэмжээний пуужингийн нөөцтэй болоод байна. Үнэн хэрэгтээ тус бүлэглэл Ираны заавар зөвлөгөөгөөр Ливаны гадаад бодлогыг тодорхойлж байгаа юм.


Нөхцөл байдал ингэтлээ хүндэрсний хариуцлагыг гадаадын улс орнууд ч гэсэн зарим талаар хүлээх ёстой гэж Британийн Хатан хааны Олон улсын харилцааны хүрээлэнгийн Ойрхи Дорнодын хөтөлбөрийн захирал Лина Хатиб үзэж байна. 


Ливанчуудын хувьд, хүнд үед францчууд, европчууд, Персийн булангийн баян хандивлагчид хүрч ирээд тусалдаг гэсэн сэтгэхүйд нэгэнт дасчээ. Гадаадынхан тусламж өгөхдөө Ливаны нөхцөл байдлыг харгалзан үздэггүй, шинэчлэл хийхийг тус улсын эрх баригчдаас огт шаарддаггүй байв.


Харин одоо мөнгийг зүгээр өгөхөөс хандивлагчид татгалзах болсноор байдал өөрчлөгдөж магадгүй. Энэ нь улс төрийн ялзарсан тогтолцоог эвдлэн өөрчилж чадахгүй ч гэсэн ядаж суурь шинэчлэл хийхэд хүргэнэ гэж Лина Хатиб дүгнэлээ.   


Харин Ливаны An Nahar сонины нийтлэлч Салех Машнук өөрийн бодлыг дээрх шиг дипломат маягаар бус ил шулуухан илэрхийллээ. Зэвсэгт бүлэглэлүүдээр хамгаалуулсан мафийн хяналтанд орсон улстай харилцаж байгаа шүү гэдгээ дэлхий нийт ухаарах хэрэгтэй хэмээн тэрбээр бичжээ.   


Шиитүүдийн “Хэзболла” бүлэглэл сүүлийн жилүүдэд Ливаныг захирч байгаа бөгөөд түүний нэгэн гишүүн 2005 онд Ерөнхий сайд асан Рафик Харири-г хөнөөсөн хэрэгт буруутай гэдгээ хүлээсэн байна.  

2005 онд болсон дэлбэрэлт 


Хэзболла болон Сирид Харири-г хөнөөх сэдэл байсан байж магадгүй гэсэн дүгнэлтийг тусгай шүүх хийсэн боловч үүнийг гарцаагүй нотлох баримт олдохгүй байгаа юм.  


Гаагийн шүүхийн шийдвэр нь аллагыг захиалагчдад хариуцлага хүлээлгэх гэсэн ливанчуудын итгэл найдлагыг талаар болгож магадгүй. Учир нь, улс орнууд болон улс төрийн намуудыг хариуцлагад татах нь тус шүүхийн эрх мэдлээс давсан зүйл гэдгийг олон хүн хэлж байна.


Цаашдаа яах вэ?


Дэлбэрэлтийн дараа Ливаны засгийн газар ээлжит удаагаа огцорлоо. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид шинээр сонгууль явуулж, түүнд улс төрийн шинэ хүчнүүдийг оролцуулахыг шаардсаар байна. Үүний тулд шашны харьяаллаар нь төрийн албан тушаалд томилдог явдлыг таслан зогсоохын тулд сонгуулийн шинэчлэл хийх хэрэгтэй болжээ. 


Шинээр сонгууль явуулахыг “Хэзболла” эсэргүүцэх нь ойлгомжтой. Ерөнхийлөгч Мишель Аун бол өөрийнх нь холбоотон болохыг, тэрбээр бүрэн эрхийнхээ хугацааг дуустал албан тушаалдаа үлдэх болно гэдгийг “Хэзболла” өнгөрсөн онд мэдэгдэж байсан билээ. Гэтэл жагсагчид чухамдаа Ауныг огцруулахыг шаардаж байгаа юм. 


Гадаад орнуудын тухайд гэвэл, Ливан улс асуудлуудаа өөрөө шийдэж чадна гэж Иран, Орос хоёр үзэж байна.


Дэлбэрэлт болсны дараахан Бейрутад ирсэн Францын Ерөнхийлөгч Э.Макрон өөрийн байр суурийг илэрхийлэхдээ  “9 дүгээр сар гэхэд шинэ засгийн газар байгуулагдсан байгаасай” гэжээ. Ингэхдээ үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулагдах нь зүйтэй гэж Францын тал ойлгуулсан боловч энэ нь эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнд таалагдсангүй. “Тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөх ёстой. Ингэхгүй бол бүх зүйл хэвээрээ байх болно. Шинэ засгийн газар юуг ч өөрчилж чадахгүй” хэмээн Бейрутын нэгэн жагсагч ярилаа.

Ерөнхийлөгч Э.Макрон Бейрут хотод 


Хоёрдахь хувилбар бол, Ливаны улс төрийн намууд одоогийн “тоглоомын дүрэм”-ээ өөрчлөхгүйгээр хоорондоо тохиролцож, улс төрийн дээд зиндааныхан буулт хийснээр олон улсын тусламжийг авах нөхцөл болсон шинэчлэлийг хэрэгжүүлж, шинээр сонгууль явуулах товыг зарлах явдал.


Харин Х.Гаддарын үзэж байгаагаар, хамгийн тохиромжтой хувилбар нь шинэчлэл хийж, шинээр сонгууль явуулахын төлөө тууштай зогсож чадах бие даагчаар удирдуулсан шилжилтийн засгийн газрыг байгуулах явдал ажээ.    


Дэлбэрэлтээс өмнө


Хүмүүс идэвхтэй жагссаар байгаа боловч сөрөг хүчнийхэн салж сарнисан байдалтай, өөрсдийг нь нэгтгэж чадах лидергүй байна. Ийм учраас 15 жилийн өмнө болсон улс төрийн дуулиант аллагын дараа олон улсын зүгээс үзүүлж байсантай адил тусламж дэмжлэг одоо хэрэгтэй байна. 15 жилийн өмнөхтэй адил гадны шахалтын дор л нөхцөл байдал илүү хурдан өөрчлөгдөх болов уу.  


Тухайн үед АНУ-ын зүгээс тодорхой сануулга өгснөөр Ливаны засгийн газар жагсагчдын шахалтын дор огцорч байв. Мөн тус улсад 29 жилийн турш байрласан Сирийн цэрэг гарч явсны дараа Ливанд шинэ сонгууль болсон билээ.  Харин өнөөдөр америкчууд Д.Трамп хоёрдахь удаагаа сонгогдох эсэх тухай асуудалд анхаарлаа хандуулсаар, бусад улс орнууд коронавирустэй тэмцсээр. 


“Өөрчлөлт хийх боломж бий, гэхдээ дипломат маягийн санаачилга гаргаснаар ийм боломж бий болох нь эргэлзээтэй. Хэзболла зөвшилцөлд бэлэн бус байгаа, энэ бүлэглэл тулалдахгүйгээр бууж өгөхгүй гэдгийг санах нь зүйтэй” гэж судлаач Ханин Гаддар эцэст нь дүгнэн хэллээ.  

Б.Адъяахүү 

Эх сурвалж: ВВС



Холбоотой мэдээ