Алслагдсан 5 хороо агаарын чанарыг сайжруулах бүсэд орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-08-27 16:06:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах талаар захирамж гарчээ. Захирамжийн дагуу нийслэлийн төвийн 6 дүүргийн 220 мянга гаруй айл өрхөд нийслэлийн нутгийн захиргааны 6000 гаруй албан хаагч ажиллаж байна.

Энэ сарын 26-ны байдлаар Баянзүрх дүүрэгт 49.200, Баянгол дүүрэгт 6900, Хан-Уул дүүрэгт 3622, нийт 59.722 айл өрхөөр нэг бүрчлэн оржээ. Тэд шахмал түлш зөв хэрэглэх, яндан, пийшингийн бүрэн бүтэн байдал, стандартын зуух хэрэглэж буй эсэх, угаарын хий мэдрэх төхөөрөмж ашиглах талаар заавар, зөвлөгөө өгч байгаа талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон өнөөдөр мэдээллээ. 


Тэрээр, өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд сайжруулсан түлш нөөцөлж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан 5 агуулахад 2300 тонн, "Тавантолгой түлш" ХХК-ийн  57 саравчинд 54 мянган тонн, нийслэлийн түрээсийн 29 агуулахад 18 мянган тонн, мөн "Тавантолгой түлш" компанийн төв үйлдвэрийн хашаанд 14 мянган тонн, нийт 91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлжээ. 

Тэрээр, цааш мэдээлэхдээ, ”Засгийн газрын түүхий нүүрс хориглох 62 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэ оны 9 дүгээр сарын 7-ноос эхлэн нийслэлийн алслагдсан 5 хороо агаарын чанарыг сайжруулах бүсэд орсон. СХД-ийн 21-р хороо, БЗД-ийн 20-р хороо, ХУД-ийн 12,13-р хороонд түүхий нүүрс хэрэглэж буй болон шилжиж ирсэн, нийт 15.131 өрхийг угаарын хий мэдрэх төхөөрөмжөөр хангах, сайжруулсан түлшийн картыг тараан өвлийн бэлтгэлийг хангаж байна” гэлээ.

Т.Энхтогтох

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ