Парист амны хаалт заавал зүүх шаардлагатай болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-08-28 09:53:38

ПАРИС. /BBC/. Францад коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан олон нийтийг шинжилгээнд хамруулах, Парис хотод амны хаалт заавал зүүхийг шаардах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.


Мөн халдвар тархах эрсдэлтэй “улаан бүсийн” тоог хоёроос 21 болгон нэмэгдүүлжээ. “Бид шаардлагатай арга хэмжээнүүдийг эрт авч хэрэгжүүлэхгүй бол халдвар улам хурдацтай тархаж болзошгүй” гэж Францын Ерөнхий сайд Жан Кастекс анхааруулсан байна.


Сүүлийн үед Европын олон оронд халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсон бөгөөд Германы эрх баригчид мөн дүрэм журмуудыг чангатгахаар төлөвлөж байгаа ажээ.


Францад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 6111 тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад хөл хориог өнгөрсөн тавдугаар сарын эхээр цуцалснаас хойших өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Францад өнөөдрийн байдлаар 300 мянга орчим хүн халдвар авч, 30500 гаруй хүн нас баржээ.


Парисчууд амны хаалт заавал зүүх шаардлагатай

Ж.Кастекс өргөн хүрээг хамарсан хөл хориог дахин тогтоохоос зайлсхийхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ амлаад, нийслэл хотод амны хаалт заавал зүүх шаардлагатай болно гэж мэдэгджээ.


Нийслэлийн зарим гудамж, хэсэгт амны хаалт зүүх журам хэдийн хэрэгжиж байгаа боловч шинэ дүрэм илүү өргөн хүрээг хамрах ажээ. Үүний дагуу орон нутгийн цагаар баасан гаргийн өглөөний 08 цагаас олон нийтийн газраар явж буй бүх явган зорчигч болон унадаг дугуй, мотоцикл, скутер, бусад хөдөлгөөнт тээврийн хэрэгслээр зорчигч амны хаалт зүүх шаардлагатай болжээ.


Мөн 11-ээс дээш насны сургуулийн сурагчид байнга амны хаалт зүүх шаардлагатай ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 12-оос дээш насны сурагчдыг сургууль дээрээ амны хаалт зүүхийг зөвлөсөн юм. Үүнээс гадна Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран ирэх есдүгээр сараас долоо хоногт хийх шинжилгээний тоог нэг саяд хүргэнэ гэж амлажээ. Түүний хэлснээр, шинжилгээ хийлгэх шаардлагатай, хүсэлтэй хүн бүрт шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлэх ажээ.   

Холбоотой мэдээ