“Бөмбөгийн хаан”-ы талаарх нууцалсан бичлэгийг анх удаа ил болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА.
/Lenta/.
ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпораци өнөөг хүртэл нууцалж байсан “АН602” ус төрөгчийн бөмбөгийн туршилтын талаарх бичлэгийг “YouTube” хуудсанд
байршуулжээ.
Дөчин
минут үргэлжлэх уг бичлэг нь зөвлөлтийн үед хийгдсэн баримтат кино юм.
Оросын цөмийн аж үйлдвэрийн 75 жилийн ойд зориулан нийтэлсэн уг бичлэгт
бөмбөгийг бүтээх, тээвэрлэлт, дэлбэрэлтийн гол үе шатуудыг харуулжээ. Үүнээс
гадна бичлэгт энэхүү хамгийн хүчтэй тэсрэх төхөөрөмжийн ажиллах зарчмыг тайлбарласан байна.
Баруунд
“Бөмбөгний хаан” хэмээн нэрлэгдэж байсан “Царь-бомба" устөрөгчийн
бөмбөгийг онгоцны тусламжтай тээвэрлэх мөчийг уг баримтат киноноос харах боломжтой
аж. Түүнчлэн дэлбэрэлт болсон мөчийг олон өнцгөөс нь харуулжээ. Баримтат киног
зураг авалтын хэд хэдэн баг хийсэн бөгөөд тэдний нэг нь лабораторийн нисэх онгоцонд байрлаж, зураг авалтыг хийжээ.
Испанийн
“La Vanguardia” сэтгүүл 2019 оны 11 дүгээр сард Зөвлөлтийн “АН602” ус төрөгчийн бөмбөгийг ямар ч ашиггүй гэжээ. Дайнд иймэрхүү хэмжээстэй зэвсэг ашиглах нь тун хүндрэлтэй байхаас
гадна бодлогогүй алхам болох юм гэжээ. Түүнчлэн дэлбэрэх үед устөрөгчийн бөмбөгнөөс
ялгарах энергийн ихэнх нь сансар руу цацагдана хэмээн тэмдэглэсэн байна.
“АН602” буюу “Бөмбөгийн хаан”-ыг ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн академич Игорь Курчатовын удирдлага дор 1956-1961 оны хооронд бүтээжээ. Туршилтыг 1961 оны 10 дугаар сарын 30-нд “Новая Земля” арал дээрх “Хуурай хамар” цөмийн туршилтын талбайд явуулсан байна. Дэлбэрэлтийн хүч нь 58.6 мегатон байжээ.
Баримтат
киног ил болгосон талаар Америкийн “The Drive” сэтгүүл нийтэлсэн материалдаа дэлхийн хамгийн хүчтэй ус төрөгчийн бөмбөг бүтээснийг “технологийн
ололт” хэмээн нэрлэж, зэвсгийн байлдааны шинж чанаруудын онцлогийг нь
дурджээ.
Түүнчлэн Зөвлөлтийн удирдагч Никита Хрущевын тус бөмбөгийг бүтээхэд гүйцэтгэсэн үүргийг дурдахын сацуу зэвсгийг хүйтэн дайны оргил үед түүний заавраар бүтээсэн гэжээ.
Хүн
төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчтэй тэсрэх төхөөрөмж болох “Бөмбөгийн хаан” нь
туршилт хийгдсэн хамгийн хүчтэй цөмийн
төхөөрөмж гэдгээрээ Гиннесийн номонд бичигдсэн байна. Бөмбөг 4000 метрийн өндөрт дэлбэрсэн бөгөөд энэ үед
дэлбэрэлтийг 1000 км-ийн зайнаас харах боломжтой байсан аж. Цөмийн мөөгний өндөр 60 км-т хүрсэн бол мөөгний малгайны диаметр 97 км-т хүрчээ. “Бөмбөгийн
хаан” нь Хирошима болон Нагасаки хотуудад хаясан цөмийн бөмбөгүүдээс 1570 дахин
хүчтэй байсан бол Дэлхийн хоёрдугаар дайны үед ашиглагдаж байсан бүх энгийн
зэвсгийг нийлүүлснээс 10 дахин хүчтэй байсан аж.