Нийслэлийн 21 барилгад хийн халаалт нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-09-03 13:47:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ААН, байгууллагуудыг хийгээр халаах төсөл хэрэгжүүлэх тогтоолын төслийг хэлэлцлээ. 

"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайханы танилцуулснаар “Шингэрүүлсэн шатдаг хийг ААН, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж, алслагдсан сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн халаагуураар шийдэх юм. 

Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн 129 дугаар сургууль, 214 дүгээр цэцэрлэгт хийн халаагуур нэвтрүүлсэн. Эдгээр сургууль, цэцэрлэг  дулааны урсгал зардалд жилд 98.2 сая төгрөг зарцуулдаг байсан бол хийн халаалт нэвтрүүлснээр 93.8 сая төгрөг болж буурчээ. Уг төслийг хэрэгжүүлснээр дулааны урсгал зардал 50 хүртэлх хувиар багасах боломжтой” гэлээ.

Төслийг хэрэгжүүлэхдээ төр хувийн хэвшлийн хамтарсан компани байгуулж, цаашид үйл ажиллагааг  хариуцан ажиллах юм. Төслийн хүрээнд нийт 60-80 барилгын дулааныг хийн халаагуураар шийдэх бөгөөд энэ онд 21 барилгад хийн халаалт нэвтрүүлэх аж. Үүнд сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд багтаж байна. Нийслэлд агаарын бохирдлын:

  •  80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон ААН, байгууллагын халаалтын зуух, 
  • 10 хувийг тээврийн хэрэгсэл,  
  • 5-6 хувийг дулааны станцууд, 
  • 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо эзэлж байсан юм.  

Тэгвэл 2019 оны 5 дугаар сарын 15-аас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүй болсноор 2019-2020 оны өвөл агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Энэ жил нам даралтын зуухуудыг халж, дэвшилтэт техник, технологи ашиглан агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар буулгана. 

Энэ ажлыг хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлээ дэмжинэ. Ингэснээр ажлын байр ч нэмэгдэх давуу талтай гэдгийг НИТХ-ын дарга Р.Дагва онцоллоо. НИТХ-ын Тэргүүлэгчид уг асуудлаар санал солилцон тогтоолын төсөл баталлаа.


Холбоотой мэдээ