“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдааг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-26 10:58:49

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулалтыг эрчимжүүлэх төрийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй “Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдааг өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлээ.


Тус үзэсгэлэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд олон нийтийн оролцоог улам бүр өргөжүүлэх зорилготой юм.


Нээлтийн үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нээж, хаврын мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг уриалав. Тэрбээр мод тарих, ойжуулалтыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь экосистемийг сэргээх, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх бодит шийдэл болохыг тэмдэглэв.

Үзэсгэлэн худалдаанд нийт 50 аж ахуйн нэгж, байгууллага оролцож байгаагаас 42 нь мод үржүүлгийн чиглэлээр, 8 нь бордоо, хөрс, хүлэмж, тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ажээ. Мөн уг үзэсгэлэн нь мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчид, тоног төхөөрөмж, хүлэмж, бордоо, ургамал хамгааллын бодис үйлдвэрлэгч, импортлогчдыг нэг дор цуглуулснаараа салбарын хамтын ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх чухал платформ болж буйг оролцогчид нь онцолж байна.


Иргэд, олон нийт тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр стандартын шаардлага хангасан 25 нэр төрлийн жимсний мод, бут сөөгийн тарьц, суулгацыг баталгаатай эх үүсвэрээс худалдан авах, мөн мод тарих, арчлах талаар мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой.


“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж. 





 

Холбоотой мэдээ