Италитай байгаль орчны салбарт хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулсан Бүс нутгийн экологийн дээд хэмжээний уулзалтын үеэр Бүгд Найрамдах Итали Улсын Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч Ф.Корваро болон холбогдох байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Итали Улсын Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. Талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын дэвшүүлж буй санаачилгуудын талаар санал солилцож, мөн Италийн талаас хэрэгжүүлж буй Байгальд суурилсан шийдлийн инновацын хурдасгуур болон Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн тухай ярилцжээ.
Уулзалтын үр дүнд хоёр улс байгальд суурилсан шийдлийг олон улсын түвшинд хамтран дэвшүүлэх, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд уг аргачлалыг ашиглан хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа уялдуулахад санал нэгдсэн талаар БОУАӨЯ-наас мэдээлэв.
