Хүүхэд асрах нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг хязгаарлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-07 16:03:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад 25-39 насны эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт буурсаар байна. Ялангуяа нийслэл хотод энэ байдал өндөр хувьтай байгаагийн гол шалтгаан нь эхчүүд хүүхэд асрахад ихэнх цагаа зарцуулж байна. Энэ нь МУИС-ийн Эдийн засгийн тэнхимээс өнөөдөр танилцуулсан “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт: Хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө” судалгаагаар илэрчээ.

Энэ онд 25-39 насны эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн байдал өмнөх оныхоос 11 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, 2019 онд ажил эрхэлдэггүй эмэгтэйчүүдийн тоо 64 мянга байсан бол, энэ үзүүлэлт 2020 оны 2 дугаар сард 71 мянга болж нэмэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд ээжүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгийн хөтөлбөрийг өргөжүүлж, хүүхэд асрах үйлчилгээний татаасыг нэвтрүүлсэн нь үр дүнтэй арга байв. Гэхдээ хүүхдийг цэцэрлэгт хамруулахдаа сугалаа явуулж байгаа нь бага насны хүүхдүүдийн боломжийг тэгш бус болгож байна гэж судалгаанд оролцсон эхчүүд үзжээ.

Цэцэрлэгт бүртгүүлсэн 2 настай хүүхэдтэй өрхүүдээс санамсаргүй түүврийн аргаар судалгаа авахад, 2181 хүүхэд элсэлтийн тасалбар авсан бол 1759 нь тасалбар аваагүй байна. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэг “Элсэлтийн тасалбараар хуваарилах хүүхдийн тоог нэмснээр цэцэрлэгт хамрагдах боломжийн тэгш байдлыг сайжруулна” гэдгийг хэлж байв. Эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөний талаар хэлэхдээ, "Улсын цэцэрлэгийн үйлчилгээ нь 2 настай хүүхдүүдийн эцэг эхийн ажил эрхлэлт болон цалинд богино хугацаанд эерэг нөлөөтэй байна" гэдгийг онцлов. 

  • Ээжийн тухайн үеийн ажил эрхлэлтийг 8.3 хувиар, харин аавынхыг 2.9 хувиар өсгөдөг,
  • Ээжийн тухайн үеийн болон өмнөх жилийн ажил эрхлэлтийг 10.5 хувиар, харин аавынхыг 1.8 хувиар өсгөдөг,
  • Цагийн цалинг 6 хувиар өсгөдөг:
  • Таваас доош насны, 1-ээс олон хүүхэдтэй ээжийн цагийн цалинг 10.5 хувиар өсгөдөг,
  • Ээжийн албан секторт ажиллах магадлалыг 10.8 хувиар өсгөдөг,
  • Ээжийн улирлын чанартай ажил эрхлэлтийг 9.8 хувиар бууруулдаг бол аавынхыг 12.7 хувиар бууруулдаг.

Хөтөлбөрийн дунд хугацааны нөлөө:

  • Ээжийн ажил эрхлэлтэд үзүүлж буй дунд хугацааны буюу хүүхэд нь 3-аас дээш нас хүрэх үед нөлөө нь эерэг ач холбогдолтой хэвээр боловч богино хугацааны нөлөөтэй харьцуулахад бага байна.
  • Эхчүүдийн цагийн цалингаас бусад үзүүлэлтийн хувьд "Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр" аавуудынхтай харьцуулахад илүү нөлөөтэй байна 

Судалгаанд оролцогч хүүхдүүдийн аавуудын хөдөлмөр эрхлэлт нэлээд өндөр буюу 86.4 хувь байдаг бөгөөд цэцэрлэгт хүүхэд нь хамрагдсанаар улам нэмэгддэг байна. 

Хүүхдийн эрүүл мэндийн тухайд 2 настай хүүхдүүд улсын цэцэрлэгт хамрагдах нь богино хугацаанд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байна.

  • Ханиад/томууны тохиолдол 9.5 хувиар өссөн, 
  • Эмнэлэгт үзүүлэх тоо 15.5 хувиар,
  • Халдварт өвчний тохиолдол 33 хувиар,
  • Эмчилгээ/эм уух давтамж 37 хувиар өссөн

Гэвч дунд хугацаанд буюу 3-аас дээш насанд хүүхдүүдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасдаг аж..

Судалгаагаар улсын цэцэрлэгийн хөтөлбөр нь эцэг эхийн ажил эрхлэлт, орлогыг дэмжих үр дүнтэй хэрэгсэл гэж дүгнэжээ. 

                                                                                                                                       Г.Дөлгөөн


Холбоотой мэдээ