Хог хаягдлын төлбөрийг өрх, байгууллага бус иргэн бүр төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-09-08 13:54:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Скай плаза” бизнес төвийн хурлын танхимд Улаанбаатар хотын Захирагчийн албаны хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригун, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдорж, Оюуны дархлаа төрийн бус байгууллагын тэргүүн Г.Энхбаатар нар хог ангилах тухай, хог ангилсаны үр дүн, ач холдбогдлын талаар уулзалт зохион байгууллаа.


Энэхүү уулзалтаараа яагаад хогийг ангилах ёстой, хог ангилан хаяснаар ямар өөрчлөлтүүд гарч ирэх, ангилсан хогоо эргээд буцааж хэрхэн ашиглаж болох талаар ярилцсан юм. Улмаар ямар шийдэлд хүрээд байгаа, цаашдаа хэрхэн ажиллах талаар оролцогчдод мэдээлэл өглөө.



Улаанбаатар хотын Захирагчийн албаны хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсээс  аж ахуй нэгж байгууллагууд болон айл өрхүүдэд сургалт семинар зохион байгуулж, зөвлөмж зөвлөгөөг байнга өгч, стандартын хэм хэмжээг заахгүйгээр өөрсдийн боломжоор бүтээлч сэтгэлгээгээр хогоо  ангилан ялгах уриалга гаргаад байгаа юм байна.


Хогоо ангилан ялгасан иргэдийг цаашдаа урамшууллын хөтөлбөрөөр шагнан ажиллах бөгөөд уг ажлыг хоёр сарын дараа хэрэгжүүлж эхлэх юм. Энэ ажлаа Мобиком, Юнител компаниудтай хамтран гүйцэтгэж, хогоо ангилан зөв хаясан хэрэглэгчдэд candy, upoint болгон өөртөө урамшуулал авч байх аж.



Харин хогоо ангилан ялгаагүй иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар болсон юм. Тухайлбал, Иргэнийг 50 мянган төгрөгөөр, Аж ахуй нэгж байгууллагыг 300-500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байхаар шийдвэрлэсэн байна.



Мөн цаашдаа хогны хураамжийн мөнгийг өрх айл, аж ахуй нэгжээр нь авахгүй. Харин иргэн бүр хог хаясны төлбөрийг төлдөг хуультай болоод байгаа юм.




                                                                                                                                                                     Э.Ариунзул

Холбоотой мэдээ