Шуурган дундах бамбар буюу банкны салбар дахь цар тахлын нөлөө
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас хүн ардаа хамгаалахын тулд зайлшгүй хэрэгжүүлсэн хөл хорио, хилийн боомтуудын хязгаарлалт манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхай, худалдаа, тээврийн салбарт хүчтэй нөлөөлж, улмаар эдийн засаг 2020 оны нэгдүгээр улиралд 10.7 хувиар, хоёрдугаар улиралд 9.7 хувиар агшсан. Угийн саарч байсан эдийн засгийн идэвхжил коронавирусний нөлөөгөөр улам дордож банкны салбарын үзүүлэлтүүдэд хүчтэй нөлөөлж байгааг Монголын банкны холбоо /МБХ/-ноос гаргасан Банкны салбарын эхний хагас жилийн үзүүлэлтээс харж болохоор байна.
Хадгаламж барьцаалсан зээлийн эрэлт өсөв
2020 оны нэгдүгээр улиралд банкуудын зээл олголт жилийн хоёр хувиар буурч байсан бол хоёрдугаар улиралд хурдасч 11 хувиар буурчээ. Нэг талаас ААН-үүд мөнгөн урсгалын дутагдалд орсноор банкны харилцах дансны дүн буурсан, нөгөө талаас борлуулалт буурч буй ААН-д олгох банкны зээл буурсан нь нийт зээл буурахад ихээхэн нөлөөлсөн байна. Түүнчлэн Монголбанкнаас макро зохистой бодлогын хүрээнд “гаарсан” гэж хэлж болох хэрэглээний зээлийг хязгаарласнаар эхний хагас жилд энэ төрлийн зээл олголт 17 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Бүх зээл дундаас ганц эерэг үзүүлэлттэй буюу өсөн нэмэгдэж байгаа нь хадгаламж барьцаалсан зээл байгааг доорх зургаас харж болно. Энэ төрлийн зээл оны эхнээс 3 хувиар өссөн нь иргэдийн орлого муу байгааг илтгэх нэг үзүүлэлт юм.
/Зээлийн бүтээгдэхүүний ангилал 2020 оны эхний хагас жилийн байдлаар/
Төгрөгийн ханш суларснаар ам. долларын хадгаламж огцом нэмэгджээ
Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг тогтмол чангарч өнөөдрийн байдлаар 1 ам.доллар 2,853 төгрөгтэй тэнцэж байна. Долларын ханшийн өсөлттэй зэрэгцэн төгрөгийн хадгаламжийн хүү буурч түүхэн доод хэмжээнд буюу 10.5 хувьд хүрсэн нь иргэд, ААН-үүдийг төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлэхэд хүргэжээ. Оны эхэнд ам.долларын хадгаламж нийт хадгаламжийн 20 орчим хувийг эзэлж байсан бол, зургаан сарын дотор бараг 50 хувиар огцом нэмэгдэж 29 хувьд хүрчээ. Энэхүү өсөлт банкуудын нийт хадгаламжийн багц оны эхнээс 16 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Хадгаламжийн буюу эх үүсвэрийн долларжилт нэмэгдэх, зээлийн долларжилт буурах үзэгдэл нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн үргэлжилсэн сулралтын үед явагдах хандлагатай байдаг. Учир нь төгрөгийн ханш суларснаар банкны хадгаламж эзэмшигчдийн төгрөгт итгэх итгэл буурдаг. Нөгөө талаас төгрөгийн ханшийн уналтаас үүдэн ирээдүйд төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэх учир зээлдэгч нар валютын зээлийг сонирхохоо больдог. Долларжилт ихсэх нь эдийн засагт сөрөг нөлөөтэй тул Төв банк иргэд байгууллагуудын валютын гүйлгээг зогсоож, харилцах дансанд хүү тооцохыг хориглох, алтны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа юм. Валютын томоохон гарах урсгал байхгүй тул хүлээлтэд суурилсан ам.долларын хадгаламжийн өсөлт оны эцэст саарах төлөвтэй байгааг эдийн засагчид хэлж байна.
Уул уурхайн гурван зээл тутмын нэг нь чанаргүйд шилжиж байна
Манай улс Covid-19 цар тахлаас хүн ардаа хамгаалж эдийн засгаа золиосонд гаргасан. Тэр дундаа нэгдсэн төсвийн орлогын 23 хувь, экспортын орлогын 87 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбар цар тахлын нөлөөнд хамгийн ихээр өртөж буй. Монголбанкнаас мэдээлснээр уул уурхайн салбарын нийт зээлийн үлдэгдлийн 61.5 хувь буюу 862.3 тэрбум төгрөгийн зээл хэвийн ангилалд, 8.7 хувь буюу 122.6 тэрбум төгрөгийн зээл анхаарал хандуулах ангилалд, 29.8 хувь буюу 417.7 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн гурван бизнес эрхлэгч тутмын нэг нь банкны өмнө хариуцлага хүлээх нөхцөл үүсээд байгаа юм. Экспортын хязгаарлалт мөн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт энэ салбарт бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байгаа нь тодорхой. Нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байгаа хэдий ч, Хятадын нүүрсний хэрэглээ 30 гаруй хувиар буурч, цар тахлын нөлөөгөөр эхний улиралд нүүрсний экспорт тасалдсан. Экспортын орлогын 40 хувь, төсвийн орлогын 15 хувийг бүрдүүлдэг зэсийн үнэ эхний улиралд 6300-аас 4700 ам.доллар болж буурсан. Төр, засаг цар тахлын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын процедурыг хөнгөвчилж хэмжээг нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцон арга хэмжээ авч байгаа хэдий ч эрдэс бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн оных шиг түүхэн дээд хэмжээнд хүрэхгүй нь тодорхой болсон билээ.
Монголд арилжааны банк дунджаар 10 хувийн ашигтай ажилладаг
Эхний хагас жилд банкны салбарыг хамарсан нэг томоохон ажил бол зээлийн хүүг бууруулах стратегийг УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан явдал байлаа. Энэ хүрээнд 16 хувь байгаа зээлийн хүүг ирэх дөрвөн жилд дөрвөн нэгж хувиар бууруулж жилийн 12 хувьд хүргэхийг зорьж байгаа юм. Зээлийн хүүг бууруулах хүрээнд 47 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс 38 нь макро түвшинд бодлого тодорхойлогчдоос хамаарах ажил байна. Харин банкуудын хувьд үйл ажиллагааны зардлаа бууруулах, дундын дэд бүтэц бий болгох замаар давхардаж буй зардлуудаа танах ажлыг эхлүүлээд байгаа юм. Зээлийн хүү өндөр байгааг шүүмжилж банкыг мөнгө хүүлэгч мэтээр хүлээж авах нь элбэг. Тэгвэл зээлийн хүүг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь эх үүсвэрийн зардал буюу гадны зээл, иргэд, байгууллагын хадгаламжид өгч буй хүүгийн зардаг байдаг байна. Тодруулбал, банкны зээлийн хүүгийн 62 орчим хувь нь эх үүсвэрийн хүү, 15 орчим хувь нь банкны үйл ажиллагааны зардал, 11 хувь нь зээлийн эрсдэлтэй холбоотой зардал, үлдсэн нь ашиг байдаг байна. Өнгөрсөн онд л гэхэд 13 арилжааны банк нийт 368 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн нэг тэрбум төгрөгийн ашигтай харьцуулахад бараг гурав дахин бага тоо юм. Зээлийн хүү, түүнээс улбаатайгаар банкны ашиг хэр үндэслэлтэйг харуулдаг хэмжүүр нь ROA буюу активийн өгөөж болон ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөж байдаг. Хятадын үйлдвэр худалдааны банкны Байгууллагын банкны хэлтсийн менежер О.Дорждамбын хийсэн судалгаагаар Монголд арилжааны банк дунджаар 10 хувийн ашигтай ажиллаж байгаа бол банкны эзэд нь дунджаар нэг хувийн ашиг хүртэж байгаа нь дэлхийн стандарттай ижил түвшинд байгааг харуулжээ.