Ахмад дайчин Б.Шийлэг: Эх орон, элгэн нутгаа хамгийн ихээр хайрла, түүнд таны хайртай бүхэн чинь бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-10 11:22:11

Ховд /МОНЦАМЭ/. Баруун хилийн тулгаралт, байлдаанд оролцож улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хилчин, дайчдын төлөөлөл бол Ховд аймгийн Алтай сумын иргэн Б.Шийлэг юм. Тэрбээр баруун хилийн Байтагийн тулгаралтад оролцож явсан ахмад дайчдаас амьд сэрүүн, энх тунх яваа цөөн хүний нэг. 

Түүнийг “Цагаан уул” ахмадын амралтад ирэх үеэр Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын хамт олон хүндэтгэл илэрхийлсэн юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.



-Та 1945 оны чөлөөлөх дайны үед Баруун хилийн тулгаралтад оролцсон түүхээсээ хуучлахгүй юу?

-Би анх 1944 онд Булган суманд Гэрэлчулуун, Батнасан нарын хамт хил хамгаалах группийн гишүүнд элссэн юм. Тухайн үед /1944-1945 он/ баруун хил дээр цэргийн анги гэж байгаагүй. 1945 онд Хятадын Эрэнгийн шар сүмийг эзлэхээр Ногояагийн цэрэгтэй Булган сумаас 300 орчим хүн яваад Алтайн нуруунд хүрч, Оросын цэрэгтэй хүч хавсран Жигнэ хотыг эзлэхэд бид хамт явж байсан.

1947 онд Байтагийн тулгаралт болж дайснууд буюу Оспаны дээрэмчид гоминданы цэргүүдийн хамтаар их өндөрлөг, шулуун шовх ууланд байрласан байсан. Манай цэргүүд давших боломжгүй, аль ашигтай байрлалыг тэд эзэлж авсан байв. Ингээд Завхан, Архангай аймгийн цэргийн ангиуд ирж Зайсанов, Шийлэгдамба нараар толгойлуулсан нисэх онгоцны бүрэлдэхүүн ирж тэднийг онгоцоор бөмбөгдөж, цэрэг зэвсгийн хүчээр тулалдан хөөж гаргасан.

Миний харснаар өргөн уудам газар нутаг, уул дамжин их ширүүн тулалдаан болж, долоодугаар сарын эхээр яваад найм, есдүгээр сарын үед буусан юм даг. Одоогийн Уушигийн застав орчимд юм даа.

1947 оны Оспаны дайсан 20 гаруй хүн Сагайдайн хамт Ховдын Булган суманд ирж, Цоохор нуурт амьд хэл барьж авах зорилготой Амарзаяа, багийн дарга Гэцэл нарын гурван хүнийг баривчлан туг тахих гэж байсан тухай ярьсан. 1948 оны тавдугаар сард ногоо гарч байсан үе.

Дайсан ирсэн тухай багийн дарга Гэцэл хэл өгөхөөр нутгийн иргэдийг цуглуулан багийн хурал хийхээр Отрядаас цэрэг очиж, Булганд хэл өгөх үеэр Сагадай зугатсан. Учир нь хуралд ирсэн Чогров тэргүүтэй хоёроос гурван  хүн /цэргийн дарга нар/ согтуу байсан учраас хурал тараасан.

Гэцэлийг гэрээс хөөж гаргаад, гэрийг нь өргөж, доторх юмыг нь авч байсан. Энэ үед хоёроос гурван морьтой цэрэг байсан учир хий буу тавьж дайснууд зугтсан. Гэцэлийн хоёр гарыг дээсээр хүлсэн байсныг тайлж байв. Мөн Булган сумын М.Цогтбалыг Оспаны дээрэмчид ирж хонь малтай нь хамт тууж, дээрэмдэж байсныг манай хил хамгаалах группийн гишүүд тэмцэн хамгаалж байсан удаатай.

Оспаны дээрэмчид Цагаан түнгэ, Алтайгаар хэд хэдэн удаа ирж байх үед бид тулгаралтад оролцож байлаа. 1947 онд Алтай сум Хөх толгойн отрядад тавдугаар тасаг гэж байх үед Зодов, Бадамдорж нарын хэд хэдэн хүн Оспаны дээрэмчдийг тагнах, амьд хэл барих үүрэг өгч байсан.

Монгол Улсын Баатар Бадам миний авга ах. Тэр бас Оспаны дээрэмчидтэй тулалдаж явсан юм. Би дөрвөөс таван хүний хамт явж хил хамгаалахад зохих үүрэг гүйцэтгэж амьд, хэл барьж байсан. Тэр үед бүх юм нууц чанга, хатуу дэглэмтэй байсан учир би нарийн ширийн юмыг бас сайн мэдэхгүй.

-Таныг гоминданы цэргүүдтэй тулалдаж явахдаа нүдээ гэмтээсэн гэж нутгийнхан ярьдаг. Яг ямар үйл явдал танд тохиолдсон бэ?

-1944 онд Байтаг богд уулын цаана Дотор хар гэдэг газар Хятадын цэрэг ирж, цэргийн хүч байрласан байсан. Хил тогтоогоогүй байсан. Зам тосож буудалцаан болж байх үеэр миний өмнө туссан сумнаас цацагдсан элс, чулуу нэг нүдийг минь авч одсон юм. Тэсрэлт нүргээн дунд сумны тэсрэлтээс үүссэн элс, чулуу цацагдаж билээ. Түүнээс хойш нүд өвдөж, цайгаад цэрэгт тэнцээгүй юм. 1970 оны үед нүд минь нэг их өвдөж, нэг нүдгүй болсон доо. Гэсэн ч би хил хамгаалахад зохих үүргээсээ шантарсан удаа үгүй.

- Та хүүхэд, залуучуудад тусгаар тогтнолын үнэ цэн болон эх орноо хайрлан хамгаалах, монгол хүн байхын утга учрын талаар ярьж өгөхгүй юу?

-Эх орноо хамгаалах нь эрийн цээнд хүрсэн хүн бүрийн үүрэг. Эх орон гэдэг юунаас ч чухал. Тэр үед бид аав, ээжээ ч хайхрахгүй явж байлаа. “Эх орон, элгэн нутгаа хамгийн ихээр хайрла, түүнд таны хайртай бүхэн чинь бий”. Эх орон гэдэг өөрийн гэсэн эрх чөлөө, энх тунх амьдрал. Эх орноо ээж, аав, үр хүүхдээсээ илүү хайрлаж чадвал тэд чинь эх нутагтаа амар амгалан амьдарна. Эх орны хил хязгаарыг хамгаална гэдэг цэрэг төдийгүй хүн бүрийн үүрэг. Газар нутаг, эх орноо бүгдээрээ хайрлах хэрэгтэй гэж би боддог. Би хүүхдүүддээ амьдрал энх тайван байхад хэзээд болно гэж захидаг юм.
-Та баруун хилийн тулгаралтад оролцож хойч үеийнхэнд энэ сайхан газар нутаг, эрх чөлөөг авч ирсэн гавьяатай хүний нэг. Таныг аймаг орон нутгийн зүгээс хэрхэн тусалж, алдар гавьяаг яаж үнэлдэг вэ?

-Би “Ахмад дайчин” үнэмлэхтэй. Эмчид үзүүлэх, утсаар ярих, төрийн үйлчилгээ авах зэрэг бүгд дараалал дугааргүй гэж бичсэн байдаг. Манай сумынхан бүгд надад тусалж, дэмждэг. Эмийн хөнгөлөлт, асаргааны мөнгө, цахилгааны хөнгөлөлт гээд амьдралын бүх асуудалд тусалж, намайг хүндэлж байдагт баяртай байна.

Би аймгийн намын бүгд хурал, Улаанбаатар хотод  намын их хуралд оролцож, аймгийн аварга адуучин болж явлаа. Баруун хилийн тулгаралтад оролцож явсныг минь үнэлсэн. Байлдааны гавьяаны Улаан тугийн одонгоор хоёр удаа, Цэргийн гавьяа, Тусгаар тогтнолын одон, Байтагийн тулгаралтын одон, хязгаарын цэргийн ойн медалиуд надад бүгд бий. Төр засаг, олон түмний хайр, халамжийг хүртэж яваадаа баяртай байдаг. Эх орон газар нутгаа хүн бүр л хайрлах учиртай юм даа гэж захья.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Холбоотой мэдээ