Н.Түвшинбаяр: Миний оюун ухааныг улам их тэлж өгсөн зүйл их спорт

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-13 16:36:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Бээжин-2008” олимпын алт, “Лондон-2012” олимпын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт жүдоч, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр 2020 оны 8 дугаар сард Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд сонгогдон ажиллаж байгаа билээ.

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ толилуулж байна.


-МОҮХ-г удирдах шинэ баг хамт олноос спортын салбарынхан төдийгүй монголчууд их зүйл хүлээж байгаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, та бүхэнтэй уулзахдаа, МҮОХ-ны ажлыг эрс шинэчлэх, МҮОХ-ны гадаад харилцааг идэвхжүүлэх, гадаад орны дасгалжуулагч, өндөр мэргэжилтэн урьж ажиллуулж, туршлага хуваалцахыг зөвлөж байсан. Энэ талаар та юу хэлэх бол?


-Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч  гэдэг хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалд сонгогдоод сар болж байна. Энэ хугацаанд нэлээд ажилтай биечлэн танилцлаа. Монголын спорт бол маш их боломжтой ч спорт бүрт өөр өөрийн асуудал байна. Амжилт гаргах өндөр магадлалтай зарим спортын төрөл зогсонги байдалд орсон байх. Мөн дэлхий дахин хурдтай хөгжиж буй энэ үед олон шинэ спортын төрөл гарч ирж  байна. Техник технологийн хөгжилтэй уялдан интернэт, гар утаснаас улам бүр хамааралтай болж буй хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн нийтийг хамарсан хотжилт дагасан спортын төрлүүд олон улсад хөгжиж байгаа. Тухайлбал, их өртөгтэй заал танхим шаардахгүй, амар хялбар гудамжны гэгдэх Гурвын эсрэг Гурав /3х3/ гэж сагсан бөмбөг олимпын төрөлд орлоо. Спортын чиг хандлага ийм шинэ хэв маягийг сонгож хурдацтай хөгжиж байна. Монголд өнөөдөр спортын шинжлэх ухаанаа дэмжин хамтран ажиллах хэрэгтэй байна. Миний гол төлөвлөж бодож буй зорилт бол спорт холбоодтойгоо нягт хамтарч ажиллах, холбоодын боловсон хүчинг чадавхжуулах, гадаад харилцааг нь өргөжүүлэх чиглэлийг баримталж ажиллана.
Монгол Улс 2008 онд Бээжингийн олимпоос анхны алтан медаль авч байсан бол 2022 онд бидний хөрш улсын нийслэл Бээжинд болох өвлийн олимпын  наадмаас анхны өвлийн олимпын медальтай болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй бид ажлаа эхлүүлээд байгаа. Ялангуяа өвлийн спортыг хөгжүүлэх талаар бид их анхаарал хандуулна. Спорт холбоодын ажилтай танилцан юу дутагдаж, ямар ажил үгүйлэгдэж байна. Энэ талд нь МҮОХ-ноос дэмжих ёстой ажлуудыг Азийн олимпын зөвлөл, олон улсын болон  Olympic Solidarity лимп-эв нэгдэл/ хэмээх спортын тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч зэрэг байгууллагуудтай холбогдон ажиллана. Монгол Улсдаа шинээр Мөсөн ордон” буюу өвлийн спортын ордонтой болж буй энэ цаг үед мөсөн дээрх спортын төрлүүдэд хэрэгцээтэй тоног төхөөрөмж, хэрэгслийг олон улсын тусламжаар хангах, мэргэжлийн дасгалжуулагчдыг солилцох зэрэг ажлыг эн тэргүүнд хийж, хэлэлцээд явж байна.



-Та ажлаа хүлээж аваад удаагүй ч бокс, чөлөөт бөх, сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн олон холбооны шигшээ багийн бэлтгэлтэй очиж танилцсан. Мөн сарын өмнө шинээр зохион байгуулагдсан Биеийн тамир спортын улсын хорооны удирдлагуудтай  санал солилцож байсан. Энэ бүх уулзалтаас танд ямар сэтгэгдэл төрөв?


-БТСУХ нь зарим төрийн чиг үүргийг ажлуудыг төрийн бус байгууллагаар хийж гүйцэтгүүлэх хууль, журам байдаг. Энэ чиг үүргийн хүрээнд МҮОХ тодорхой ажлуудыг хариуцан авч хийж гүйцэтгэх талаар Улсын хороотой бид бүхэн ойрын үед хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Миний харж буйгаар БТСУХ-ны дэргэдэх шигшээ багийн орон тоог нэмэх, дэмжих асуудал чухал байна. Мөн мэргэжлийн дасгалжуулагч дутмаг байна. Бид уламжлалт дасгалжуулалтаа алдахгүй явах нь зөв. Энэ бол улс орны дотоод бодлогын асуудал. Харин шинээр хөгжиж байгаа спортуудад мэргэжлийн дасгалжуулагчид маш дутмаг байгаа. Спорт холбоодын мэргэшсэн боловсон хүчний асуудал дутмаг байдаг юм байна. Мөн гадаад харилцааны цар хүрээг өргөжүүлэхэд анхаарах, дасгалжуулагчдын ур чадварыг ахиулах, сургаж, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах асуудал байгаа. Дасгалжуулагчдыг сонгон шалгаруултад оруулдаг ч шилдэг арга барилтай сайн дасгалжуулагч нь гадаад хэлний мэдлэг хангалтгүйгээс асуудал тулгардаг юм байна. Энэ мэт асуудалд бодсон санасан ажлууд байгаа. Иймд баг хамт олноороо санал бодлоо нэгтгээд цаашид энэ тулгамдсан асуудлуудаа ажил хэрэг болгон хэрэгжүүлж ажиллана.  


ийтийн биеийн тамирыг болон өвлийн болон багийн спортыг өргөжүүлэн хөгжүүлэх талаар МҮОХ онцгой анхаарч ажиллах юм байна. Үүнээс онцлох зорилтууд юу байгаа бол?



-Биеийн тамир спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэх гэдэг бол хоёр талтай. Тухайлбал, доороосоо дээшээ оргилд хүрэх шатлалаар пирамид байх ёстой. Энэ пирамидын суурь нь хүүхэд залуучууд байдаг. Тэднийг спортод дур сонирхолтой болгоход, мэдээж олимпын тэмцээнүүдийг харж байж шинэ одууд төрж буй үйл явдал хүүхэд багачуудад онцгой нөлөөлж, тэд спортод дурлаж, сонирхдог. Монгол Улсад маань нэг дутмаг асуудал байна. Олон хүүхдийг спортод дур сонирхолтой, нийтийн биеийн тамираар хичээллүүлэх суурь бааз нь заал танхим байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь олон улсын том хэмжээний  спортын наадмуудыг эх орондоо зохион байгуулах юм. Наадам зохион байгуулснаар спортын иж бүрэн цогцолбор байгууламж, заал танхимтай болохын зэрэгцээ хүүхэд залууст спортыг таниулан сурталчилж, спортод дур сонирхолтой болгоно. Мөн эх орноо олон улсад танилцуулна.

Өнөөдөр зарим аав, ээж, томчууд биеийн тамир спортын ач тусын талаар буруу ойлголттой байна уу гэж бодогддог. Спорт хүн бүрт хэрэгтэй, ялангуяа өнөөгийн нийгэмд зайлшгүй чухал. Техник технологи хөгжиж  гар утас болон компьютержсэн энэ үед хөдөлгөөний хомсдол маш их байна. Өвчин эмгэгтэй болох үндэс нь хөдөлгөөний дутагдал байдаг. Тэгэхээр биеийн тамир спортоор хичээллэсэн хүн эрүүл чийрэг биетэй байна.  Бид олон спортын барилга байгууламжтай  байснаараа ард, иргэд нь эрүүл чийрэг байх боломж, нөхцөл тэр хэмжээгээр нэмэгдэж, бага үнээр эрүүл мэндээ хамгаалж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Харин өвдсөний дараа их зардлаар эмчлүүлж байхаар биеийн тамир спортоор хичээллэн, архи, тамхины хорт зуршлаас ангид байсан цагт ийм эрүүл чийрэг хүнээс саруул ухаан ундарч, эрүүлээр сэтгэж сайн сайхан амьдрал цогцлооно гэж би боддог.


-Дэлхийн алдартай тамирчид үндэсний олимпын хороогоо амжилттай удирдан ажиллаж байгаа. Таны хувьд олон улсад танигдсан тамирчны хувьд МҮОХ-ны гадаад харилцаанд нэлээд дөхөмтэй байх болов уу?


лимпын аваргын хувьд, ямар нэг уулзалтад очиход олимпын аварга гэсэн хүндлэл байдаг болохоор ямар нэг нөлөөлөл бол байх нь мэдээж. Ямар ч байсан сөрөг хандлага байхгүй л гэж боддог. Түрүүн би нийтийн биеийн тамир спортыг өргөнөөр хөгжүүлэх талаар дутуу орхисон сэдвээ хөндөе. Олон улсын спортын наадмыг Монголд зохион байгуулах талаар ярьсан. Монголын бүх ард түмний спортын их наадам гэж байдаг. Дээр үед бүх ард түмний спартакиад гэж байлаа. Энэхүү улс орны хэмжээний спортын наадмыг шинэ түвшинд гаргаж зохион байгуулах хэрэгтэй байна. Өнөөдөр зохион байгуулах хүрээ нь улсын аварга шалгаруулах тэмцээн шиг л дүүрэг, сум, орон нутагтаа спортоор идэвхтэй оролцогчдын хүрээнд л болоод өнгөрч байгаа. Тиймээс ч нийт ард иргэд тэр бүр мэдээд байдаггүй. Өнөөдөр тэр аймаг багийн дүнгээр төд дүгээр байр эзэллээ гэсэн хязгаарлагдмал хэмжээнд ёс төдий болоод байгаа. Үүнийг бид бүхэн шинэ түвшинд гаргана гэдэг нь олон улсын спорт наадмын түвшинд хүргэж зохион байгуулахад орших юм.



Энэ жил Улаанбаатарт спортын 20 гаруй төрлөөр болох байсан “Олон улсын залуучуудын ногоон наадам 2021 он болж хойшлогдсон. Монгол Улс энэ наадмыг зохион байгуулснаар олон спортыг хөгжүүлэх суурь бааз бий болох юм.  Мөн наадам зохион байгуулах менежментийн туршлагатай болно. Зүүн Азийн залуучуудын наадмыг 2023 онд эх орондоо зохион байгуулах эрх авсан. Тус наадам Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн календарьчилсан хуанлид орсон. Энэ бүхэн бидэнд Бүх ард түмний спортын наадмаа энэ спортын барилга байгууламжаа ашиглан олон улсын наадмын түвшинд зохион байгуулах боломж олгож байна. Бүх ард түмнээрээ спортын уур амьсгалаар 21 эсвэл 14 хоногийн туршид амьсгалж, хурд, хүч, ур чадвараа сорин баярлан цэнгэж таниулснаар ард иргэд, хүүхэд залуус спортоор хичээллэхийн ач тусыг мэдэрч, иргэн бүрт урам зориг өгч, тэдний дэмжлэгийг авна гэж бодож байна.



-Ер нь, тамирчин амжилтаа улам бүр ахиулж байхад эн түрүүнд юугаар дэмжих хэрэгтэй байдаг вэ?


-Тамирчны тухайд, би өнөөдрийг хүртэл өндөр зэрэглэлийн бэлтгэлтэй, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай, бэлтгэлжилтийн форумтай байж ирсэн. Тамирчны гол анхаарах хэдхэн гол чухал зүйл байдаг. Мэдээж, санхүүгийн асуудал чухал. Дэлхийн түвшинд амжилт гаргасан тамирчдын хувьд давтан амжилт гаргах асуудал манайд жаахан хомс байгаа нь нөгөө л санхүүгээс шалтгаалдаг. Дээшээ гарч ирсэн тамирчдад мэргэжлийн дасгалжуулалтын асуудал маш чухал. Цолтой, цолгүй тамирчин хоёрыг дасгалжуулна гэдэг бол дасгалжуулагчаас маш өндөр мэдрэмж, ур ухааныг шаарддаг. Тэгээд тамирчны нөгөө л санхүүгийн байдал нь ар гэрийнхний хамгийн тулгамдсан асуудал болдог. Гарцууд бол байгаа.

Хувийн  хэвшлүүд болон төрийн байгууллагуудтай бид бүхэн, МҮОХ-ноос холбож өгөх, дэмжих талаар ажиллах нь зүйн хэрэг. Тамирчинд тохиолддог нэг том асуудал тамирчны дараах амьдралын карьерын асуудал байдаг. Залуу насаа зөвхөн спортын амжилтын төлөө зориулаад амьдралын бусад зүйлээс хөндийрч хайрцаглагдсан байдаг. Дэлхийн түвшний өндөр бэлтгэл хийж байгаа тамирчинд суралцах гэсэн ойлголт ер нь байдаггүй. Харин үүнийг нь бид бүхэн шийдэж өгөх ёстой. Тэгэхээр тамирчин байх үед нь багахан цаг гаргаж өөрсдийг нь хөгжүүлэх хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулах нь чухал юм. Мөн спорт, олимпизмыг сурталчлан таниулахад тамирчдаа идэвхтэй оролцуулж, дунд болон их дээд сургуулиудад уулзалт зохион байгуулж өндөр түвшний тамирчин хүн бэлтгэл сургуулилтаа хэрхэн яаж хийж байдгийг  нь таниулах зэргээр нийгмийн ажилд идэвхтэй хамруулахад тамирчин хүн задарч, аж амьдралаас суралцдаг. Ид бэлтгэлийн үед тамирчин хүн спортын заал танхимаас гэртээ, гэрээсээ заал гэсэн амьдралын вакуум орчинд л амьдардаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр тамирчны дараах амьдралд нь хөл алдуулахгүй бэлтгэлтэй байлгах нь МҮОХ-ны нэг чухал ажил байдаг.


-Монголд өндөр амжилтад хүрсэн спортын төрлүүдээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал их хөндөгддөг. Энэ талаар та юу хэлэх бол?


-Өнөөдөр манай улсад топ гэсэн 4 спорт байдаг. Энэ спортуудаа түшиглээд бусад төрлийг дэлхийн түвшинд гаргах менежментийн асуудалд анхаарч, бүгд хамтарч нэг цул болж түншлэл/консорциум/-ийн холбоог бүрдүүлж ажиллах маш хэрэгтэй байна. Би өнгөрсөн 7 хоногт ширээний теннисний холбооны хамт олонтой уулзахад нэг санаа төрж байлаа. Теннисний дасгалжуулагчдын ур чадварын хувьд яах аргагүй өөрсдийн дээд хэмжээнд хүрээд л дэлхийн түвшинд хүрэх боломжгүй байна. Харин ширээний теннисний төрлөөр дэлхийд тэргүүлдэг өмнөд хөршөөс дасгалжуулагч авах гэхээр бид үнэ төлбөрийг дийлэхгүй гэдгээ манайхан хэлж байсан. Бид нар бас Японоос жүдогийн дасгалжуулагч урьж ирүүлнэ гэвэл зардлыг нь дийлэхгүй гэдэгтээ л адил юм.



Тэгэхээр бид өөрийн топ 4 гэдэг спортоо тулгуурлаж бусад спортын тамирчдаа өндөр түвшинд гаргах боломж байна. Тухайлбал, БНХАУ-ын мужууд, клубүүдээс дасгалжуулагч авах хүсэлт манайд их ирүүлдэг. Бид жүдогийн дасгалжуулагчаа явуулахдаа тэдний жүдогийн холбоог өөрийнхөө ширээний теннисний холбоотойгоо зөвшилцөөд, манайд ирж ажиллах ширээний теннисний дасгалжуулагчийн цалинг тус холбооноос гаргуулах боломж байна. Харин манай теннисний холбоо гадаадад байгаа монгол дасгалжуулагчийн цалинг өгөх жишээтэй. Энэ мэт дасгалжуулагч солилцоог өөрийн топ гэгдэх жүдо, бокс, буудлага, чөлөөт бөхийн дасгалжуулагчдаа гадагшаа гаргаад дасгалжуулагч солилцоог хийх боломж, гарц байгаа. Харин МҮОХ, манай спорт холбоод хоорондоо зохицоод үндэсний нэг баг болж ажиллах л хэрэгтэй юм. Өвлийн спортын төрлүүд ч гэсэн бүгд нэгдээд цас, мөсний цогц барилга байгууламжтай болох боломж байна. Гүйлтийн цана, биатлон, уулын цана, хоккей, тэшүүр, кёрлинг гээд өвлийн спортуудаа хөгжүүлэх гарц байгаа. Хамгийн чухал нь бид хоорондоо эвсэж баг болж ажиллая.



“Хамтын хүч-Амжилтын үндэс” гэдэг бол бид бүхэн харилцан ойлголцоод зөв менежментийг хэрэгжүүлэх л гол асуудал юм. Тэгэхээр спортын төлөө гэсэн сэтгэлтэй бүх хүмүүс нэгдээд том зорилготой ажиллаж байж үр дүн гарна. Тамирчин хүний бодол гэх юм уу миний хувьд ярих бус шат дараалалтай хийгээд харуулах ёстой гэж бодож байгаа. Зарим нь спортод сэтгэлтэй гэхээсээ спортоор дамжуулж янз бүрийн үйл хэргээ явуулах гэдэг. Энэ бол мэдээж, байх л даа. Ер нь 2 талтай. Спортыг дэмждэг компани, хамт олон, байгууллагууд харилцан ашигтай байх ёстой. Тухайн компанийн хувьд өөрт нь санхүүгийн асуудал байхад, дээр нь нэг, хоёр тамирчинг цалинжуулна гэдэг төвөгтэй байх нь мэдээж. Гэхдээ нэг тамирчныг цалин өгч дэмжиж байгаа нь маш олон хүнийг баярлуулсан буянтай сайхан үйлс юм.


-Манай агентлагийн хамт олноос МҮОХ-ны спорт-олимпизмын үйл хэрэгт өндөр амжилт хүсэж, бид цаашдаа хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг уламжлъя.


-Гадаад, дотоодод улс орноо 5 хэлээр таниулан сурталчилж, мэдээллээ түгээдэг үндэсний МОНЦАМЭ агентлагтай, Монголын үндэсний олимпын хороо бүх талаар хамтран ажиллаж спорт-олимпизмыг түгээн дэлгэрүүлэхэд бэлэн байна. Миний хувьд, спортоос маш олон зүйл сурч мэдсэн, оюун ухааныг минь улам тэлж өгсөн гэж боддог. Агуу их спортыг сонгосон тамирчин хүний хувьд Монголынхоо спортын төлөө бүхнээ зориулах чин хүсэлтэй. Тэгээд ч өндөр үүрэг хариуцлагатай албыг хүлээн авсан. Спорт бол хүн төрөлхтний бүтээсэн гайхамшиг, ямагт хүмүүст баяр баясал, сэтгэл догдлол, эрүүл энх, аз жаргалыг түгээж байдаг. Монголчууд биеийн тамир спортоо үргэлж дэмжин дээдэлж байдагт, ард олныхоо хайр, хүндлэл, итгэлийг хүлээж авсан хүний хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.


                                                                                                                                                Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ