Японы эрх баригч намын даргын сонгууль өнөөдөр болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-14 11:24:58

ТОКИО. /TASS/. Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын даргын сонгууль өнөөдөр болно. Санал хураалтыг намын төв байранд явуулах аж. Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар огцрох шийдвэр гаргасан нь эрх баригч намын даргын сонгуулийг явуулах шалтгаан болсон юм. 


Намын даргын суудлын төлөө Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёшихидэ, Гадаад хэргийн сайд асан, намын улс төрийн зөвлөлийн дарга Кишида Фумио, Батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэру нар өрсөлдөнө. Тэд бүгд парламентын депутатуудаас авах ёстой дэмжлэгийг авчээ.


Энэ удаагийн сонгуульд Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёшихидэ ялах магадлал өндөр байна. Японы шадар сайд бөгөөд Сангийн сайд Таро Асо, намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никаи зэрэг эрх баригч намын бараг бүх гол фракцын дарга нар түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Сугаг нэр дэвшүүлснийг мөн намын жирийн олон гишүүн дэмжиж байгаа юм. Хэвлэлүүдийн явуулсан судалгаагаар, Суга 80 хувийн санал авч магадгүй байна. Хэрэв тэрбээр ялбал Абэгийн бодлогыг, тэр дундаа гадаад бодлогыг үргэлжлүүлнэ гэж шинжээчид үзэж байгаа аж. 


Өдгөө 71 настай Суга улс төрийн угшилгүй дээд зиндааны цөөн улстөрчдийн нэг юм. Тэрбээр алслагдсан Акита мужид тариачны гэр бүлд төрж, өөрийн хүчээр карьераа бүтээжээ.


Суга Либерал-Ардчилсан нам дахь Абэгийн ойрын дэмжигчдийн нэг юм. Тэрбээр Абэгийн анхны Засгийн газарт Захиргааны хэрэг, харилцаа холбооны сайдын албыг хашиж байсан бол Абэг Засгийн газрыг дахин тэргүүлэх үед буюу 2012 оны сүүлчээс сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. 2016 оны долоодугаар сард Суга энэ албан тушаалыг хамгийн удаан /1260 өдөр/ хашсан хүнээр тодорсон байна. Тэрбээр мөн Окинава дахь Америкийн баазуудын ачааллыг бууруулах төрийн сайд, БНАСАУ-д хулгайлагдсан Японы иргэдийн асуудал эрхэлсэн төрийн сайдын албан тушаалуудыг хавсран хашиж байжээ.


Холбоотой мэдээ