Баян-Өлгийн залуучуудыг төмөр замын мэргэжлээр сургана

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-15 14:12:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалтын үйлдвэрийн төвд Баян-Өлгий аймгаас 30 хүнийг төмөр замын мэргэжлээр сургана.

Тодруулж хэлэхэд, 18-45 насны хүмүүсийг шалгаруулан авч, вагон үзэгч, засварчин, зүтгүүрийн туслах машинч, төмөр замын замчин, өртөөний жижүүр, илчит тэрэгний засварчин мэргэжил эзэмшүүлнэ.

Нэг жил суралцах хугацаанд орон байр, сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж өгч, төгссөний дараа ажлын байраар хангах аж.

Дээрх мэргэжлүүдээр суралцах хүсэлтэй иргэд сурагчийн хувийн хэрэг, боловсролын үнэмлэх, цээж зураг, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг бичиг баримтуудаа бүрдүүлж, энэ сарын 18-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлнэ.

 Аймгийн ЗДТГ-аас томилсон ажлын баг бүртгүүлсэн иргэдээс монгол хэлний мэдлэгийн шалгалт, ур чадвар болон сэтгэл зүйн сорил, ярилцлага авч, дээр дурдсан 30 хүнийг сонгон авах ажээ. 

Холбоотой мэдээ