Халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллахыг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-16 09:54:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын А/930 дугаар захирамжаар түр хязгаарласан диско болон бүжгийн баар, олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, үйл ажиллагаа зохион байгуулахыг нээх саналыг танилцуулав.

Энэ талаар Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат танилцуулахдаа “Нийслэлийн Засаг даргын захирамжаар олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг түр хязгаарласан. Есдүгээр сарын 14-ний өдөр Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 10 дугаар сарын 31-нийг дуустал сунгаж, хилээ нээхгүйгээр дотоод үйл ажиллагааг хэвийн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн” гэлээ.

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Мэргэжлийн бүх байгууллага захирамжид заасан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх чиглэлд бэлтгэлээ хангаж ажилла. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын горимоо дагаж мөрдөх шаардлагатайг аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулах шаардлагатай. Халдвар хамгааллын дэглэмийг сахиж, үйл ажиллагаа явуулна. Холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналтаа тавьж ажиллана” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ