Аки башёд өвдөг шороодоогүй ганц бөх үлдэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-18 13:58:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 5 дахь өдрийн барилдаанд Маэгаширагийн 9-д эрэмбэлэгдсэн Оношо ошидаши мэхээр Аойямаг давснаар ганцаараа 5 даваатай явна.


Харин энэ өдөр Маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Тамаваши Б.Мөнх-Оргил, Озэки Асанояамад ошидаши мэхээр унаснаар тэд адилхан 2 даваатай байна. Башёг тэргүүлэгч Озэки Такакейшёо, Мёогирюүг хаяж 4 даваатай болов.


Маэгаширагийн 1-д эрэмбэлэгдсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Дайэйшог ёрикири мэхээр давснаар 3 даваа, 2 унаа болсон бол Кирибаяама /М-5/ Б.Лхагвасүрэн, Такарафүжид ёрикири мэхээр ойчлоо. Тэр 3 даваатай явна.


Харин энэ өдрийн барилдаанд Нишигикитэй таарсан Хошорюү С.Бямбасүрэн /М-16/ өрсөлдөгчөө сотогаке мэхээр унагаж, 3 даваатай болов. Мөн энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-17/ ёрикири мэхээр Кейсэйг давснаар монгол сумочдоос хамгийн олон буюу 4 даваатай нутаг нэгтнүүдээ хошуучилж явна.  

Холбоотой мэдээ