Гадаад худалдааны бараа эргэлт 7.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2020-09-18 15:23:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 8 сард нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.9 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 4.5 тэрбум, импорт 3.5 тэрбум ам.доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (16.3 хувь) тэрбум, үүнээс экспорт 908.2 (16.9 хувь) сая, импорт 638.0 (15.6 хувь) сая амоллароор тус тус буурчээ.

Өнгөрөн сард экспорт 690.2 сая, импорт 511.2 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 270.3 (28.1 хувь) сая ам.доллароор буурч, импорт 29.3 (6.1 хувь) сая ам.доллароор өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 8 сард 1.3 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 270.2 сая ам.доллароор буурч, 1.0 тэрбум ам.долларын ашигтай байв. 2020 оны эхний 8 сарын байдлаар БНХАУ-тай 4.4 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 55.8 хувийг эзэлж байна. БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 35.1 хувийг чулуун нүүрс, 31.9 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8, Сингапур улсад экспортолсон барааны 65.9, Их Британи улсад экспортолсон барааны 59.2 хувийг алт эзэлж байна.

Экспорт өмнөх оны мөн үеэс 908.2 сая ам.доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 317.7 сая, нүүрсний экспорт 967.7 сая амоллароор буурсан нь голлон нөлөөлөв. Алтны экспорт өмнөх оны мөн үеэс 802.2 сая ам.доллар буюу 3.3 дахин өсжээ. Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, 2020 оны эхний 8 сард, БНХАУ 36.4, ОХУ 26.8, Япон Улс 7.8, АНУ 4.5, БНСУ 4.3 хувийг тус тус эзэлж, нийт импортын 79.8 хувийг бүрдүүлж байна.

ОХУ-аас импортоор оруулсан барааны 50.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 58.8 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 6.3 хувийг цахилгаан эрчим хүч, 7.5 хувийг ачааны тэрэг, 86.2 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Импорт өмнөх оны мөн үеэс 638.0 сая ам.доллароор буурахад автобензиний импорт 60.3 сая, дизелийн түлшний импорт 186.3 сая, суудлын автомашины импорт 124.9 сая, ачааны автомашины импорт 65.2 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 97.4 хувийг эзэлж байгаа бол импортын 63.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байна.

Холбоотой мэдээ