Чихрийн шижингийн эрт илрүүлэг, өвчтөний өөрийн хяналтыг сайжруулах сургалт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдүгээр төв эмнэлэг/УНТЭ/-т 9 дүүрэг 21 аймгийн дотоод шүүрлийн эмч, өрхийн эмч, сургагч багш нарыг хамруулсан чихрийн шижингийн нэгдүгээр үе шатны эрт илрүүлэг, өөрийн хяналтыг сайжруулах талаар сургалт 5 дахь өдрөө үргэлжлэв.
ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих төслийн хүрээнд болж буй сургалт нь 3 үе шаттай бөгөөд ийнхүү нэгдүгээр шатны сургалт дуусаж байна.
Энэхүү цуврал сургалтын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн дарга С.Янжмаагаас тодруулахад, “Нэгдүгээр үе шатны сургалтаа өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэ сургалтад 200-гаад эмч хамрагдсан. Хамгийн гол асуудал нь чихрийн шижинтэй өвчтөнүүдийн 1, 2 дугаар шатны эрт илрүүлгийг хийх, оношлогдсон чихрийн шижин өвчтэй хүмүүс өөрийн хяналтыг сайжруулах зорилгоор энэ төсөл сургалтыг явуулж байгаа юм. Бид 1, 2 дугаар шатандаа хяналтыг зөв хийсний дүнд 3 дугаар шатны чихрийн шижин өвчтэй хүнийг цөөлөх ач холбогдолтой. Энэ сургалтыг цаашид явуулснаар нэг удирдамж, зөвлөгөөгөөр өвчтөнөө хянах, зөвлөмж өгөх, хяналтыг сайжруулах юм. Энэ нь өвчтөний амьдралын чанар сайжрах, өвчтөнг урт наслуулахад үр дүнгээ өгөх ач тустай.
Ташрамд дуулгахад, чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн ихэнх нь биеийн жингийн илүүдэлтэй байдаг бөгөөд шингэн зүйл их уух, олон удаа бие засч шингэнээ алдах зэрэг хам шинж илэрдэг юм байна.