АНУ-ын нүдний эмч нар Увсад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-05-19 15:41:13

АНУ-ын "Virtue" сангийн Нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг өчигдрөөс Увс аймагт ажиллаж байна.

Тэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүдний кабинетад байрлаж, иргэдэд нүдний үзлэг, эмчилгээ оношлогоог үнэ төлбөргүйгээр хийж байна. Эмч нарт үзүүлэхээр 380 гаруй хүн бүртгүүлсний 230 орчим нь нүдний болор, даралтын эмгэгтэй, үлдсэн 100 гаруй нь хүүхдийн нүдний хялар болон шилний гажигтай хүмүүс аж.

АНУ-ын нүдний мэс заслын эмч нар хагалгаа хийх шаардлагатай хүмүүсийг ялгаж, Ховд аймагт аваачиж хагалгаа хийх юм байна. Өнгөрсөн жил Увс аймгаас 186 хүн Ховд аймагт очиж нүдээ үзүүлсэн бөгөөд тэдний 58 нь хагалгаанд оржээ. Нүдний болор суулгах мэс засалд гэхэд 12 ахмад настан, 6 хүүхэд орсон бөгөөд хагалгаа бүгдээрээ амжилттай болсон аж.

Увс аймаг хатуу ширүүн уур амьсгалтай учраас нүдний эвэрлэг бүрхүүл гэмтэх, настай хүмүүсийн нүдний болор цайх, даралт ихсэх зэрэг өвчлөл өндөр байдаг байна. Мөн сүүлийн үед төрөлхийн болор цайсан эмгэгтэй, хялар хүүхдүүд их төрж байгаа аж. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ нүдний эмгэгийг бага байхад нь буюу 6 сартайд нь хагалгаанд оруулж засах шаардлагатай байна. Гурван ой хүрээд ирэхээр хагалгаа хүндрэх шатандаа ордог аж.

   Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ