АНУ-ын Төлөөлөгчдийн танхим "шатдаун"-аас зайлсхийх хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-23 16:16:47

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Засгийн газрыг 12 дугаар сарын 11 хүртэл түр санхүүжүүлэх тухай хуулийн төслийг тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхим олонхын саналаар баталжээ.


Уг төслийг баталснаар "шатдаун" буюу санхүүгийн шинэ жилийн төсөв батлагдаагүйн улмаас Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос зайлсхийх боломж олгох юм.


Мягмар гаргийн орой явуулсан санал хураалтаар баримт бичгийг Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 359 нь дэмжиж, 57 эсэргүүцсэн байна.


“Politico” сонинд мэдээлж буйгаар, санал хураахаас өмнө Ардчилсан намыг төлөөлж буй Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси болон АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин нар фермийн аж ахуй эрхлэгчдэд туслах, сургуулийн сурагчдын хоолонд зориулж мөнгө хуваарилах асуудлаар тохиролцоонд хүрчээ.


Одоо уг хуулийн төслийг Сенатын танхим батлах ёстой юм. Америкийн хууль тогтоох байгууллагын дээд танхим баталбал тус улсын Ерөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ.


Энэхүү хуулийн төслийг есдүгээр сарын 30-наас өмнө буюу 2020 оны санхүүгийн жил дуусах үед батлах ёстой юм. Хэрэв 2021 оны төсөв батлагдахгүй бол АНУ-ын Засгийн газар түр зогсолт хийхэд хүрнэ. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 22-нд тус улсын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож, "шатдаун" 35 хоног үргэлжилсэн билээ. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих зорилгоор улсын төсөвт 5 тэрбум гаруй ам.доллар суулгахыг хүссэн боловч үүнийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь сөрөг хүчний Ардчилсан намын гишүүд эрс эсэргүүцсэн учраас төсвийг батлах зөвшилцөл гацаанд орж, Засгийн газрын яам, агентлагуудын үйл ажиллагаа түр зогссон юм.


Холбоотой мэдээ