Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-25 16:39:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХЯ, Экологийн цагдаагийн албанаас “Эх дэлхийгээ хайрлая” уриатайгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр нэг га-д 100 мод тарьж, арчилгааг холбогдох байгууллагуудад хариуцуулж, батламж гардуулав.


Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-т Аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана гэж заасан байдаг.


Тус өдөрлөгийн талаар Экологийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяраас тодруулахад  “Ус, мод харилцан шүтэлцээтэй байдаг. Манай улс дэлхийн 145 орноос усны нөөцөөр 124 дүгээр байрт ордог байна. Дийлэнх усны нөөц гадагшаа урсдаг. Гадаргын усыг бага хэрэглэдэг орны тоонд ордог. Усгүйтэх аюул бидэнд ойрхон байна. Тиймээс Экологийн цагдаагийн албанаас “Цэнхэр алт усаа хайрлая” уриаг дэвшүүлж, олон нийтийг соён гэгээрүүлэх, зөв дадал хандлагыг сурталчлах ажлын нэг хэсэг нь энэ юм. Манай улсын нутаг дэвсгэрийн 7.9 хувь нь ой модоор бүрхэгдсэн байдаг байна. Ой мод хүчилтөрөгчийг ялгаруулж, орчныг цэвэршүүлэх, хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Иймээс ой модоо хайрлан хамгаалах хэрэгтэй. Өнөөдөр нэг га талбайд 100 мод тарьж байна. Түүнчлэн тарьсан модоо байнгын арчилгаа тордлогоо хийх хариуцах эзэнд нь мод эзэмшигч гэж батламж гардуулж байгаа. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй модыг арчлах тордох  гэрээ байгуулсан. Санхүүжилтийг НҮБ болон БОАЖЯ хариуцсан” хэмээлээ.

Энэхүү үйл ажиллагаанд ХЗДХЯ, БОАЖЯЦЕГ болон түүний алба нэгжүүд, мөн олон нийтийн сайн дурын байгууллагуудын төлөөлөл ирсэн байв.

Холбоотой мэдээ