Замын цагдаагийн гүүрний эргэлтийн замыг барьж байна

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-09-26 11:43:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлын явцыг шалгав.


Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүр нийт 6 хэсгээс бүрдэж буй. Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух автозамын барилгын ажил бүрэн дуусаж өнгөрсөн оны 9 дүгээр сард ашиглалтад орсон юм.


Одоогоор, зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5 өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарц болон Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүрийг барьж байна. “А” рамп нь 8.5 метр өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай байх юм.

 

Мөн Нарны замаас хойд хэсэг Олимпын гудамжны гүүрний туслах замуудыг ашиглалтад оруулах аж. Ингэснээр Олимпын гудамж Нарны замтай холбогдох юм байна. Ирэх сарын 25-нд “А” рампын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Үндсэн автозамын хувьд үерийн ус зайлуулагч, гэрэлтүүлэг, явган хүний замын тохижилт зэрэг ажлууд хийж байна.

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан автозамын ажлыг хурдан хугацаанд чанартай хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд санууллаа.


Холбоотой мэдээ