АНУ Уулын Карабахын байдлыг анхааралтай ажиглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-28 10:12:52

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид Уулын Карабах дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд мөргөлдөөний хурцадмал байдлыг зогсоож чадах эсэхийг хэлэлцэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.


“Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Энэ бүс нутагт бид олон сайн харилцаатай байдаг. Бид үүнийг зогсоож чадах эсэхийг хэлэлцэнэ” гэж Вашингтоны засаг захиргааны тэргүүн хэлсэн байна.


Армени улс суурингууд руу нь гал нээж, Азербайжаны арми энгийн иргэдээ хамгаалахын тулд бүрэн хэмжээний сөрөг довтолгоог эхлүүллээ гэж Азербайжаны Батлан ​​хамгаалах яам ням гаргийн өглөө мэдэгдсэн юм.  


Харин Арменийн эрх баригчид Азербайжаныг түрүүлж халдсан гэж мэдэгдсэн бөгөөд тус улсын Ерөнхий сайд Никол Пашиняны мэдээлснээр бол Азербайжаны тал орон нутгийн цагаар өглөөний 8:00 цагт агаар, пуужингийн довтолгоо хийсэн байна.


Мөргөлдөөн эхэлсний дараа хоёр улс хоёулаа дайны байдал тогтоож буйгаа мэдэгджээ. Арменийн эрх баригчид орон даяар дайны байдал тогтоосон бол Азербайжан зарим бүс нутагтаа зарласан байна.  Арменийн эрх баригчид мөн 55 хүртэлх насны эрэгтэйчүүдийг цэрэгт дайчилж эхэлжээ.


Холбоотой мэдээ