Терроризмтой тэмцэх зөвлөлийн гуравдугаар улирлын ээлжит хуралдаан боллоо

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-09-28 10:37:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн энэ оны гуравдугаар улирлын ээлжит хуралдаан энэ сарын 24-нд Тагнуулын ерөнхий газрын төв байранд боллоо.

Энэхүү хуралдаан болзошгүй эрсдэлээс иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй аж.  Зөвлөлийн бүрэлдэхүүнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий 22 байгууллага багтдаг байна. Энэ удаагийн хуралд шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр анх удаа хуралдаж буйгаар онцлог болжээ.

Хуралдааны үеэр Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын албанаас өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулсан байна. Мөн  олон улсын терроризмын нөхцөл байдалд "Ковид-19" цар тахлын үзүүлж буй нөлөө, зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмыг санхүүжүүлэх Монгол Улсын энэ оны эрсдэлийн үнэлгээ, Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийжээ.

 “Хаан шонхор”  террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны команд штабын нэгдсэн дадлага сургуулийг ирэх жилийн 3-4 дүгээр сард зохион байгуулахаар тогтсон байна. Тус сургуулийг 2018 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа аж.

Түүнчлэн Олон улсын санхүүгийн хориг арга арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл сонсгов.


Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хурандаа П.Одонбаатар хуралдааны үеэр хэлэхдээ “10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд болох ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай хамгаалсан тохиолдолд "саарал жагсаалт"-аас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болох төдийгүй Европын холбооны хар жагсаалтаас гарах нөхцөл бүрдэж буй тул асуудал хариуцан ажиллаж буй Зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага бүр идэвхтэй хамтран ажиллах ёстой” хэмээн тодотголоо.


Холбоотой мэдээ