Чацаргана, сүүн бүтээгдэхүүнийг хамруулан "ЦУГ" брэнд гаргажээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-28 13:26:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын аймаг, орон нутаг бүр өөр өөрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгвэл үүнийгээ улам сайжруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үүднээс Увс аймгийнхан чацаргана болон сүү, сүүн бүтээгдэхүүн, мөн цагаан ултай гутлын үйлдвэрлэлүүд нэгдэн кластер буюу хорших хэлбэрээр ажиллаж эхэлжээ. 

Энэ талаар саяхан тус аймагт болсон “Шинэ эдийн засаг: Увс  хамтын ажиллагааны санаачилга” уулзалт хэлэлцүүлэг болон намрын үзэсгэлэн худалдааны үеэр танилцууллаа. 

Тус аймгийн үйлдвэрлэл эрхлэгчид түүхий эдийн нөөц бололцоо, уламжлалт технологид үндэслэн дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийг хоршиж хамтран үйлдвэрлэх зохион байгуулалтад оржээ. Эндээс “ЦУГ” брэндийг үүсгэн гаргасан бөгөөд зах зээлийг өргөтгөх, экспортод гаргах зорилгод нь аймгийн төр, захиргааны байгууллагууд, мөн "ТЭСО" ХХК, бизнес эрхлэгчид, арилжааны банкууд, хөрөнгө оруулагчид хамтран ажиллахаар нэгдсэн байна.


“Шинэ эдийн засаг: Увс  хамтын ажиллагааны санаачилга” уулзалт хэлэлцүүлгийг  ХХААХҮЯ, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар зохион байгуулж, 100 гаруй бизнес эрхлэгч, банкны төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцож, аймгийн түүхий эдийн нөөц, үндэсний онцлогийг тойрсон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг цааш хөгжүүлэх талаар 10 бүлэг сэдвээр хэлэлцлээ. Үйлдвэрлэл, бизнесийг орон нутагт ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, иргэдийн тав тухтай, тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлэн хөгжүүлэх ёстойг мөн ярилцлаа. Хэлэлцүүлгийн үеэр “Увсад үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа гарав. 




Холбоотой мэдээ