Монгол, АНУ-ын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-09-29 11:01:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/ АНУ-ын Засгийн газрын төрийн департменттэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нар гарын үсэг зурсан юм.

Энэ үеэр бригадын генерал Г.Ариунбуян хэлэхдээ, “Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой үйл явдал боллоо.  Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын гамшгийн менежментийн тогтолцоог боловсронгуй болгох, бие бүрэлдэхүүний болон иргэд, олон нийтэд чиглэсэн сургалт, гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, алба хаагчдыг АНУ-д академик түвшинд сургах, хамтарсан дадлага сургууль зохион байгуулах юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.

АНУ, Монгол Улсын гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1992 оноос эхэлсэн. Онцгой байдлын байгууллагаас АНУ-ын Ойн алба, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн арми, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Үндэсний орон зайн тагнуулын алба, Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудтай гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлд хамтран ажилладаг аж.


Холбоотой мэдээ