Угаарын хийн хордлогоор жилд 20 гаруй хүн амиа алдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Угаарын хийн хордлогоор жил бүр 2500 хүн эмнэлэгт хандаж, 20 гаруй хүн амь насаа алддаг. Энэ байдлыг таслан зогсоох үүднээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран “Зөвлөмжийг дагая – Зөв хийе” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Хяналтын ажилчид
айл өрхийн яндан хөөлөлт, ханын пийшин, зуухны аюулгүй, бүрэн бүтэн байдлыг шалгахаас гадна түүхий
нүүрс түлэх тохиолдлоос сэргийлэн
хяналт тавьж байгаа юм.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр зөвлөгөөний үеэр “Угаарт
хордож, эрүүл мэнд, амь
насаар хохирох тохиолдол гарсаар
байгааг хамтын хүчээр тухайлбал, иргэдэд шууд хүрч
ажилладаг хяналтын ажилтныг мэдлэг мэдээллээр хангах, заавар зөвлөгөөг сайтар өгснөөр өвлийг хохирол,
эрсдэлгүй даван туулах боломжтой”-г тэмдэглэлээ.
Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн
удирдагч Д.Мөнхжаргал “Одоогоор нийслэлд
галлагаа хийдэг 200 мянга гаруй өрх бий. 200 айл тутамд нэг багийн 10 хүн хяналт тавьж байна. Нийт 4200 хяналтын ажилтны ажлыг эрчимүүлэх, угаарын эрсдэлд өртөж
байгаа айл өрхийн гаргаж байгаа алдаа, дутагдлыг сэрэмжлүүлэх, нэг ч иргэний
амь насыг эрсдүүлэхгүйн төлөө зөвлөгөөн зохион байгуулж байгаа” гэв.
Чингэлтэй дүүргийн 16-р хорооны орон тооны бус хяналтын
ажилтан Г.Уранчимэг, “Бид айл
өрхүүдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжөө тараах, зөвлөгөө
өгөх, утаа мэдрэгчийн ажиллагааг шалгах, зуух пийшингийн бүрэн бүтэн байдлыг
ажих гэх мэтээр иргэдтэй тулж ажилладаг. Айл өрхийн хамгийн их гаргадаг алдаа нь хайнга байдал. Жишээ нь тамхины утаанд угаар
мэдрэгч ажиллаж дуугардагаас төвөгшөөн унтраадаг. Ингэснээр угаарын эрсдэлд өртөх
магадлалтай. Мөн яндангаа
дутуу хөөлөх, пийшин зуухны хагарч, цуурсныг засдаггүй. Энэ бүхнийг засч арилгуулахад анхаардаг. Агаарын бохирдлыг
бууруулахад иргэдтэйгээ
хамтран ахиц гаргана гэж
итгэж байна” гэсэн юм.
Түүнчлэн БОАЖЯ,
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос дотоод орчны агаарын чанарыг
сайжруулах, иргэдийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, амьдралын зөв
дадлыг бий болгохоор “Яндангаа хөөлье” аяныг энэ сарын 1-нээс улс орон даяар
эхлүүлсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 70119400 утсаар болон өрхийн хяналтын
ажилтнаар дамжуулан 12000 гаруй иргэнд яндан хөөлөх зөвлөгөө мэдээлэл өгч, 5000 айлын янданг хөөлжээ.