ОХУ-д газрын тос, байгалийн хийн боловсон хүчин бэлтгэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-09-30 16:00:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа И.М.Губкины нэрэмжит Оросын Газрын тос, байгалийн хийн Их сургууль (Үндэсний судалгааны Их сургууль)-ийн ректор В.Г.Мартыновтой энэ сарын 29-нд уулзаж, үндэсний мэргэшсэн боловсон хүчнийг тус сургуульд бэлтгэх асуудлаар ярилцав.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д албан ёсоор айлчлах үед байгуулсан Санамж бичгийн дагуу ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн судалгаа хийх, бэлтгэл хангах ажил амжилттай өрнөж байгааг Элчин сайд Д.Даваа тэмдэглэв. Уг бүтээн байгуулалт, түүний ашиглалтын үйл ажиллагаанд оролцох Монголын үндэсний инженер, техникийн ажилтан, мэргэшсэн ажилчдыг тус сургуульд бэлтгэхтэй холбогдуулан ойрын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцлоо.


Монголын газрын тосны салбарын 137 мэргэжилтэн, 6 эрдэмтэнг бэлтгэсэн гэж И.М.Губкины нэрэмжит Оросын Газрын тос, байгалийн хийн Их сургуулийн ректор В.Г.Мартынов тэмдэглээд Монголын хийн салбарын мэргэжилтэнг бэлтгэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдэв.

Холбоотой мэдээ