Улсын харцага Д.Сэрээтэрийн нэрэмжит спорт цогцолбор нээлтээ хийв

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-10-01 10:18:22

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Лүн суманд Олимп, дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын Ардын багш, Гавъяат тамирчин, Улсын харцага Д.Сэрээтэрийн нэрэмжит спорт цогцолборыг нээлээ. 

Нээлтийн ёслолд  сумын удирдлагууд, Олимп, дэлхийн хүрэл медальт, Монгол улсын Ардын багш, Гавъяат тамирчин, Улсын харцага Данзандаржаагийн Сэрээтэр, Боловсролын яамны хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн асан Г.Алтанцэцэг, Монголын хөл бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Батсайхан, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Д.Алтанхуяг нар оролцлоо. 

Гавьяат тамирчин, Улсын харцага Д.Сэрээтэр нээлтийн үеэр “Лүн сумын сургууль, сумын ард иргэдийн дотроос урлаг, спортын олон гавьяатууд төрөн гарсан сайхан түүхтэй. Энэ уламжлалыг залгуулан авч явах хүүхэд залуус олон байна. Тэднийг бэлтгэл сургуулиа тасралтгүй явуулах сайхан спорт төвтэй болж байгаад баяртай байна” гэв.

Монголын хөл бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Батсайхан “Азийн сангийн хөрөнгө оруулалтаар мини хөл бөмбөгийн талбай байгуулах төслийг Лүн суманд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байгаа. Удахгүй шинэ хөлбөмбөгийн талбай байгуулна гэдгээ нийт Лүн сумын иргэдийн өмнө бахархалтайгаар амлаж байна” гэлээ. 

Нээлтэд зориулан 40-өөс дээш, доош хоёр насны ангиллаар гар бөмбөг, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан юм. 


Холбоотой мэдээ