Л.Нэмэхжаргал: Хур бороо багассан учраас талбайгаа усалгаатай болгох зорилготой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-01 22:26:20

Архангай /МОНЦАМЭ/. Цахир сумын эгэл нэгэн ногоочин энэ бүсгүйг Л.Нэмэхжаргал гэдэг. Тэр “Газрын өгөөж” иргэдийн бүлэг байгуулж ажилладаг. Төрөл бүрийн хүнсний ногоо тариалж, өөрийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ сумынхаа зах зээлд нийлүүлж, гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлдэг. Тэрээр анх 2009 оноос эхлэн хүнсний ногоо тариалж эхэлсэн байна. Хамгийн анх аав ээжтэйгээ 120 м2 газарт төмс тарьж, тэр нь сайхан ургаснаар урам орж, газраа томсгон төрөл бүрийн хүнсний ногоо тариалах болжээ. Одоо төмс, лууван, манжин, байцайг 1га талбайд тариалж, ургацаа хураагаад байна. 0,5 га-д ногоон тэжээл тариалж, өөрсдийн малдаа өгөөд илүү гарсныг нь зарж борлуулдаг байна. Мөн 4х8 хэмжээтэй хүлэмждээ өргөст хэмх тарьдаг гэнэ. Дээр дурдсан “Газрын өгөөж” бүлгийг түүний аав нь санаачилж байгуулж байжээ. “Ээж, ах дүү нартайгаа нийлээд аж ахуйгаа өргөтгөн аавынхаа эхлүүлсэн дээрх ажлын үр шимийг хүртэж байгаадаа баярладаг. Аав минь биднийгээ тэнгэрээс харж байгаа” хэмээн тэрээр сайхан аавыгаа дурсав.

Ногоочин Л.Нэмэхжаргал газрын шимийг өөрсдөө хүртээд зогсохүй нутгийн олон түмэнтэйгээ ч хуваалцах дуртай нэгэн. Ээжтэйгээ нийлж, ахмадын баяраар сумынхаа настангууддаа ургацын дээжээсээ тус бүр 2 кг төмсийг өгдөг болоод даруй 3 жил болжээ. Мөн сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төвдөө ногооны дээжээсээ нэмэрлэчихдэг байна.

Л.Нэмэхжаргал “Сүүлийн жилүүдэд бороо хур орох нь багасаж, аажуурсан тул ургацын болц удааширч байна. Тиймээс бид талбайгаа усалгаатай болгох санаатай сум хөгжүүлэх санд төсөл бичсэн. Энэ маань батлагдчих байх гэсэн хүлээлттэй байна. Өөрийн нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоог сургууль, цэцэрлэгт гэрээгээр тодорхой хувийг нь нийлүүлдэг болчихвол сайн байна” хэмээн цаашдын зорилгоо сумынхаа сурвалжлагч Д.Ганхуягт хэлсэн байна.

Холбоотой мэдээ