E-Mongolia системээр төрийн 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-02 13:33:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн 181 үйлчилгээг цахимаар хүргэх E-Mongolia системийг нэвтрүүлсэн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр мэдээлэв. Тус системийг цахим сайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой юм.


Энэхүү системд цаашид төрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Уг системд E-barimt, E-halamj зэрэг төрийн цахим систем болон зарим үүрэн холбооны оператор нэгдэж буйгаа зарлалаа. Тодруулбал, үүрэн холбооны операторууд уг системийг ашиглах үед задгай дата төлбөр авахгүй байхаар зохицуулах юм. 


Системийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Алсын хараа-2050" урт хугацааны бодлогын хүрээнд e-Mongolia цахим системийг нэвтрүүлж буйг онцлоод, ингэснээр, төрийн албаны хүнд суртал арилж иргэдийн цагийг хэмнэх боломж бүрдүүлнэ гэдгийг тэмдэглэв. Тэрбээр, "Цаашид энэ системд төрийн 492 үйлчилгээг шилжүүлэхээр мэргэжлийн байгууллагууд зорьж байна. Манай улс дижитал руу бүрэн шилжихэд, 5-7 жилийн хугацаа шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Төрийн 492 үйлчилгээг энэ системд нэвтрүүлэхэд нэг жилийн хугацаа шаардлагатай" хэмээсэн юм.  Иргэд төрийн үйлчилгээ авахад дунджаар 30 минутын хугацаа зарцуулдаг байсан бол гар утас, компьютер, таблет зэргээс ердөө тавхан минутыг зарцуулах боломжтой болж буйг тэрээр онцолсон юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос цахимд шилжих багц хуулийн төсөл боловсруулж намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болж буйг дурдлаа. Тухайлбал, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухай, Өгөгдөл хамгаалах тухай, Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төсөл боловсруулж байна. 


Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлснээр жилд бичиг хэрэг, шуудангийн зардлаас багадаа 10 тэрбум төгрөг хэмнэх боломжтой аж. 


Уг системийг нэвтрүүлснээр, өчигдрийн байдлаар, 4322 иргэн төрийн үйлчилгээг авчээ. Тухайлбал, иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, авто тээврийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэлийн лавлагаа зэргийг авчээ.

Холбоотой мэдээ